Бразилын ерөнхийлөгч асан Жаир Болсонаро 2022 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаныхаа дараа төрийн эргэлт хийхийг оролдсон хэргээр буруутгагдаж байна. Өдгөө 69 настай түүнийг өөрийн суудлыг залгамжлагч Луис Инасио Лула да Силваг сонгуулийн дараа албан тушаалд очиход нь саад учруулсан гэх үндэслэлээр таван зүйл ангиар ялласан байна.
Түүнийг Лулаг хордуулж, Дээд шүүхийн шүүгч Александр де Мораег буудан хөнөөхөөр төлөвлөж байсан гэх хэрэгт буруутгаж байгаа юм. Болсонаро эдгээр хэргүүдэд өөрийгөө буруугүй хэмээгээд, улс төрийн хавчлагад өртсөн гэж мэдэгджээ.
Прокурорын өгсөн зөвлөмжийг одоо тус Улсын дээд шүүх авч хэлэлцэнэ. Хэрэв дээд шүүхээс уг хэргийг үндэслэлтэй гэж үзвэл Болсонаро болон бусад 33 хүнд албан ёсоор ял оноох шүүх хурал болох юм. 2022 оны 10-р сард явуулсан санал асуулгад ашигласан цахим саналын хуудсыг "хакердах, луйвардах" эрсдэлтэй гэж худал мэдүүлж, Бразилын ардчиллыг сүйтгэсэн хэмээн буруутгагдаж байсан түүнийг найман жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших эрхгүй болгоод байгаа юм.
2022 онд ширүүн өрсөлдөөнтэй сонгууль болж, одоогийн Ерөнхийлөгч Луйс Инасио Лула да Силва маш цөөн саналаар ялалт байгуулсан юм.
Болсонаро ялагдлаа хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд Лулаг ерөнхийлөгчийн тангараг өргөхөөс хоёр хоногийн өмнө Бразилыг орхин АНУ руу явсан. 2023 оны нэгдүгээр сарын 8-нд түүнийг дэмжигчид нийслэл Бразилиа дахь засгийн газрын байр руу дайран орж, барилгын зарим хэсгийг тонож, цагдаа нар үймээн дэгдээгч 1500 хүнийг баривчилсан юм.
Л.Баяр