Голомт банкны төв оффисын барилга АНУ-ын Ногоон Барилгын Зөвлөлөөс (USGBC) олгодог олон улсын хамгийн нэр хүнд бүхий LEED O+M (Leadership in Energy and Environmental Design–Operations and Maintenance) стандартын “GOLD” түвшний гэрчилгээг амжилттай авч, байгаль орчинд ээлтэй, тогтвортой менежменттэй барилгаар шалгарлаа.
Уг гэрчилгээг барилгын ашиглалт болон өдөр тутмын менежмент нь:
- Байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулсан
- Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлсэн
- Усны зохистой хэрэглээг хангасан
- Агаарын чанарыг зохистой хэмжээнд барьсан
- Дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн зэрэг үзүүлэлтүүдийг хангасан барилгуудад олгодог бөгөөд Голомт банкны төв оффис нь Монгол Улсаас LEED гэрчилгээг хүртсэн гурав дахь барилгаар бүртгэгдээд байна.
Голомт банк нь “Тогтвортой, ногоон үйл ажиллагааны стандарт”-ыг боловсруулан баталснаар ногоон худалдан авалт, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ зэрэг стандартуудыг үйл ажиллагаандаа мөрдөж, банкны үйл ажиллагааг байгаль орчин болон нийгэмд ээлтэй байлгах зорилго зорилтуудаа хэрэгжүүлсээр байна. Мөн төв оффис болон бусад салбар, оффисууддаа эрчим хүчний хэмнэлт бий болгохоор LED гэрэлтүүлэг, сэргээгдэх эрчим хүч, усны хэмнэлт бий болгох зорилгоор усны хэмнэлттэй тоног төхөөрөмжүүд ашиглаж буй. Түүнчлэн нэмэлтээр оффис, салбаруудынхаа хог хаягдлыг ангилан ялгаж, дахивар хог хаягдлыг гэрээт байгууллагуудад хүлээлгэн өгч байна.
Дэлхийн жишиг Монголын банк