Өнгөрсөн долоо хоногоос эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Ромын Пап лам Францис мягмар гарагт томографийн шинжилгээ хийлгэжээ. Улмаар түүний хоёр уушгинд нь хатгалгаа илэрчээ. Түүний биеийн байдал тааруу, ядарсан байгаа ажээ.
Ватиканы мэдээлснээр, цаашдын эмийн эмчилгээ шаардлагатай аж. Тэрбээр өдгөө 88 настай билээ. Даваа гарагт Ватикан Францис амьсгалын замын "полимикробын халдвар" авсан тул эмчилгээг өөрчлөх шаардлагатай гэж мэдэгдэж байв.
Полимикробын халдвар нь вирус, бактери, мөөгөнцөр, шимэгч хорхойн хавсарсан нөлөөгөөр үүсгэгддэг цочмог ба архаг өвчин юм гэж АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Ватиканы гадаа мөргөлчид пап ламын биеийн байдалд санаа зовж байгаагаа илэрхийлж, түүнийг эдгэрэхийн төлөө залбирцгааж байв.
Тэрбээр залуу байхдаа уушгины хүнд өвчтэй болж, эмч нар уушгиных нь нэг хэсгийг авсан байна. Сүүлийн саруудад тэр хоёр ч удаа унаж бэртсэн бөгөөд тэргэнцэртэй явах болсон.
Фрэнсис мөн бүдүүн гэдэсний үрэвсэл, халдварыг үүсгэдэг нийтлэг өвчин болох дивертикулит өвчтэй. 2021 онд тэрбээр бүдүүн гэдэснийхээ хэсгийг авах мэс засал хийлгэсэн.
Л.Баяр