Баянзүрх дүүргийн түүхт 60 жилийн ойд зориулсан "Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр боллоо. Тус барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, улсын харцага Б.Цэдэнсодном, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн хурц арслан О.Наранбаатар нар шалгарлаа. Харин наймд улсын начин Б.Даваа-Очир, улсын начин Э.Батмагнай, аймгийн арслан Я.Бумбаяр, аймгийн арслан Н.Намнансүрэн нар үлдэв.
Зохион байгуулагчдын зүгээс “Улсын цолд ойрхон бөх”-ийн шагналыг Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Н.Намнансүрэнд гардуулсан бол түрүү бөх 6 сая, үзүүр бөх 4 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөг гардсан юм.