Хятадын цагаан сар шувтрач байна. БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамнаас лхагва гарагт нийтэлсэн тоо баримтаас үзвэл, нэгдүгээр сарын 28-нд эхэлсэн цагаан сарын найм хоногийн амралтаар Хятад улсад нийт 501 сая жуулчин аялсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 5.9 хувиар өссөн үзүүлэлт юм.
Аялал жуулчлалын зардал өмнөх оныхоос долоон хувиар нэмэгдэж, 677 тэрбум юань буюу 93 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тус улсын Үндэсний цагаачлалын албаны лхагва гарагт гаргасан тоо баримтаас үзвэл, баярын үеэр Хятад руу өдөрт дунджаар 1.795 сая хүн хил дамнасан аялал хийсэн байна.
Энэ жилийн өсөлтөд гадаадын жуулчид голлон нөлөөлсөн бөгөөд тэдний тоо 2024 онтой харьцуулахад 22.9 хувиар өссөн байна. Хятад улс аялал жуулчлалыг хөгжүүлэх, хэрэглээгээ нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн жилээс олон арван улсад визгүй зорчих эрхийг нь нээж өгсөн.
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лин Жиан лхагва гарагт болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр "Хятад улс олон орныг визгүй зорчих жагсаалтад оруулж, визгүй зорчих бодлогоо бүрэн зөөлрүүлж, сайжруулснаар Хятадын шинэ жил дэлхий нийтээр тэмдэглэдэг баяр болж байгаад бид баяртай байна" гэжээ.
Баярын үеэр Хятадад ирсэн гадаадын жуулчдын тоо 2024 онтой харьцуулахад 150 хувиар нэмэгдэж, шинэ дээд хэмжээнд хүрээд байна.
Л.Баяр