Австралид амьдарна гэдэг адармаатай бөгөөд эзэмшил газраасаа могой олох нь энгийн тохиолдол билээ. Тэгвэл Сидней хотын оршин суугч гэрийнхээ арын цэцэрлэгээс нийт 102 могой олжээ.
Дэвид Стейн Сидней хотын захад амьдардаг. Тэрбээр хашаандаа овоолсон хулуунд хэдэн могой байгааг олж мөлхөгч цэвэрлэгээний газартай холбогджээ. Могой баригч хулуунуудыг зайлуулж, хөрсийг ухаж үзэхэд нас гүйцсэн тав, нялх 97, нийт 102 могой олжээ. Уг могойнууд нь хортой ангилалд багтдаг, эмэгчид нь төрөх үедээ олноороо нэг газарт үүрлэдэг гэнэ.
Баасан гарагт бүх могойг зайлуулахын тулд гурван цаг орчим хугацаа зарцуулсан. Мөн нэг эмэгчин нь уутанд орсон даруйдаа зулзагалжээ. Могойнуудыг Сиднейн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд суллах ажээ.
Л.Баяр