АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Газын зурвасыг “эзлэн авах” саналыг Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху дэмжлээ. Улмаар Израилын арми Палестинчуудыг Газын нутаг дэвсгэрээс гаргах төлөвлөгөөг бэлтгэх тушаал авчээ. Трампын төлөвлөгөө асар их эсэргүүцэлтэй тулгарч, Ойрхи Дорнодын болон бусад орны удирдагчид үүнийг хэрэгжүүлэх боломжгүй, хууль бус гэж үзэж байгаа юм.
Гэхдээ Нетаньяху Газын оршин суугчдыг зэргэлдээ орнууд руу илгээж, уг бүс нутгийг "урт хугацааны турш эзэмшилдээ байлгах" Трампын санааг зөвтгөж байна. Тэрбээр Fox News-д Лхагва гарагт хэлэхдээ, Газын зурвасыг орхисон хүмүүс дараа нь "эргэж ирж болно" гэв. “Энэ бол сайхан санаа. Би үүнийг үнэхээр эрэлхийлж, шалгаж, хөөцөлдөж, хийх ёстой гэж бодож байна. Учир нь энэ нь хүн бүрт өөр ирээдүйг бий болгоно гэдэгт итгэж байна" гэж Нетаньяху ярьжээ.
Трамп мягмар гарагт Цагаан ордонд Нетаньяхутай хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ энэ саналыг олон нийтэд илчилсэн. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь олон улсын хуулийг зөрчиж, Газад үндэстэн ястны цэвэрлэгээ хийснээс өөрцгүй буруу алхам болно гэж үзэж буй хүний эрхийн бүлгүүдийн шүүмжлэлд өртөв. Вашингтоны барууны холбоотнууд Газын зурвасаас хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх санааг няцаасан бол Ойрхи Дорнодын удирдагчид, тэр дундаа Газын албаны хүмүүс Палестиныг тусгаар улс болгохыг дэмжиж буй байр сууриа дахин нотлов.
Катарын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мажед Аль Ансари лхагва гарагт хэлэхдээ, Палестинчууд газар нутагтаа үлдэхийн зэрэгцээ Арабын орнууд Газын зурвасыг сэргээн засварлахаар төлөвлөж байна гэв. Энэ хооронд Иорданы хаан Абдулла Их Британи, АНУ-д айлчлахаар мордож, уг төлөвлөгөөг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв.
Хамас бүлэглэлийн 2023 оны 10 дугаар сарын 7-нд хийсэн халдлагын дараа Израилын арми хариу дайн өдөөж, 15 сарын турш бөмбөгдсөний улмаас Газын ихэнх хэсэг сүйрээд байна. Энэхүү санал нь "Палестинчуудыг гэр орноос нь хүчээр нүүлгэж байгаатай агаар нэг. Цаашлаад Израил, Палестин хоёр улсын асуудлыг шийдэхийг эртнээс урьтал болгож ирсэн АНУ-ын олон арван жилийн турш мөрдсөн гадаад бодлоготой эрс зөрчилдөж байгаа юм. Трампын төлөвлөгөө АНУ-ын цэргийг Ойрхи Дорнод дахь дайны голомтод дахин оруулж болзошгүй гэж шүүмжлэгчид онцолсон.
Пүрэв гарагт Трамп энэ санаагаа дахин илэрхийлж, Газын зурвасыг "Израиль АНУ-ын мэдэлд шилжүүлнэ" гэж сошиал сүлжээндээ бичжээ. АНУ-ын цэрэг уг бүсэд байрших эсэхэд хариулт өгөөгүй бөгөөд уг төлөвлөгөө хэрхэн хэрэгжих талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
"Сайн дураараа явах"
Пүрэв гарагт Изриалын Батлан хамгаалахын сайд Израил Кац Израилын Батлан хамгаалах хүчинд (IDF) "Газын оршин суугчдыг сайн дураараа орхин гарах боломжийг олгох" төлөвлөгөөг бэлтгэхийг үүрэг болгожээ. “Газын хүн амын дийлэнх хэсгийг дэлхийн өнцөг булан руу нүүх боломжоор хангах Трампын зоримог санаачлагыг би сайшааж байна” гэж түүний мэдэгдэлд дурджээ. Кац Трампын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд олон жил шаардагдах бөгөөд энэ хугацаанд палестинчуудыг хүлээн авагч орнуудтай хэлэлцээр хийхийн зэрэгцээ цэрэггүй, аюул заналхийлэлгүй Газын зурвас байх болно. Энэ газарт урт хугацааны сэргээн босголт хийгдэнэ. Үүнийг дэмжинэ” гэжээ.
Тэрбээр мөн "Испани, Ирланд, Норвеги зэрэг улсууд Газын зурваст цэргийн кампанит ажил явуулж байхдаа олон улсын хуулийг зөрчсөн гэж Израилыг буруутгасныхаа төлөө нутаг дэвсгэртээ Газын оршин суугч бүрийг хууль ёсны дагуу хүлээн авах үүрэгтэй" гэв. Трампын санал яг яаж ажиллах нь тодорхойгүй байгаа бөгөөд шинжээчид түүний төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой гэдэгт эргэлзэж байна. Нөгөө талд Биньямин Нетаньяху Хамас бүлэглэлийн үйл ажиллагааг идэвхгүй болгохын төлөө тууштай байхаа амлав.
Гуравдугаар сарын 1-нд дуусгавар болох Газын зурваст гал зогсоох, барьцаалагдсан хүмүүсийг суллах хэлэлцээр үргэлжилж байгаа ч гэрээний дагуу дуусгавар болох нь эргэлзээтэй. Учир нь Д.Трампын Газыг эрхшээх хүсэл Хамас бүлэгэлэл, тэр дундаа Газын оршин суугчид болон Палестины ерөнхийлөгчийн ундуйцлыг төрүүлж байгаа. Улмаар Израилын ерөнхий сайд Нетаньяху Газын зурвасаас Израилын цэргийг бүрэн гаргаж, барьцааны үлдсэн хүмүүсийг буцааж өгөх хэлэлцээрийн хоёр дахь үе шатаас ихээхэн болгоомжилж байна. Үйл явдал хэрхэхийг бид цаг тухайд нь мэдээлэх болно.
Л.Баяр