Израил, ХАМАС бүлэглэл хооронд Газын зурвас дахь тулааныг түр зогсоож, барьцаалагдсан болон Палестины хоригдлуудыг үе шаттайгаар суллах, гал зогсоох тохиролцоонд хүрчээ. Уг гал зогсоох энхийн гэрээг Катарын тал санаачилсан бөгөөд хэлэлцээр тус улсын Доха хотноо болсон тухай Катарын Ерөнхий сайдын мэдэгдэлд дурдав.
Түр гал зогсоох хэлэлцээрийг ням гаргаас хэрэгжүүлж эхлэх бөгөөд ХАМАС уг хэлэлцээрийн эхний шатанд барьцааны 33 хүнийг суллах төлөвтэй байна. түүнчлэн Палестины олон зуун хоригдлыг Израилийн шоронгоос нэгэн зэрэг суллахаар болжээ.
Израилын Засгийн газар гэрээг батласан эсэх одоогоор тодорхойгүй байгаа. Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху бүх нарийн ширийн зүйлийг эцэслэх хүртэл хэлэлцээрийн талаар албан ёсоор тайлбар өгөхгүй гэдгээ мэдэгдэв.
Барьцаалагдсан хүмүүсийг суллах нь хэлэлцээрийг эцэслэн шийдвэрлэх эхний үе шат болно. Дайныг зогсоох зорилготой хоёр дахь үе шат уг хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш 16 өдрийн дараа эхэлнэ.
ХАМАС-ын барьцаанд байгаа гэх хүмүүс амьд эсэх нь эргэлзээтэй байгааг Израилын өндөр албан тушаалтан даваа гарагт мэдэгдэв. ХАМАС болон түүний холбоотнууд 2023 оны 10 дугаар сарын 07-ны халдлагын үеэр Израилаас 94 хүнийг барьцаалсан юм. Улмаар тэдгээрийн 34 нь амь үрэгдсэнийг Израилын засгийн газар мэдэгдээд байна.
Израилын өндөр албан тушаалтан хэлэхдээ, талууд тохиролцоонд хүрэхийн даваан дээр байгаа бөгөөд Израил хэлэлцээрт гарын үсэг зурснаар барьцааны хүмүүсийг суллах ажил нэн даруй эхлэх аж. Барьцаалагдсан хүмүүсийг суллах нь 42 хоног гал зогсоох хэлэлцээрийн эцсийн шат байх ажээ.
ХАМАС бүлэглэлийн өндөр албан тушаалтан Бассем Наимын хуваалцсан баримт бичгийн дагуу Израил болон ХАМАС хооронд тохиролцсон гал зогсоох хэлэлцээрийн эхний өдөр барьцаанд байсан Израилийн гурван эмэгтэй энгийн иргэнийг суллах төлөвтэй байна.
Гал зогсоох, барьцааны иргэдийг суллах хэлэлцээр нэгдүгээр сарын 19-нд хэрэгжиж эхлэх бөгөөд гурван үе шаттай хэрэгжинэ. Баримт бичигт дурдсанаар эхний өдөр ХАМАС барьцаанд байсан Израилын гурван эмэгтэйг суллаж, долоо дахь өдөр нь дахин дөрвөн эмэгтэйг суллахаар болжээ. Үүний дараа "Хамас эмэгтэйчүүдээс эхлээд энгийн иргэд, цэргүүд гээд долоо хоног тутам Израилын гурван хоригдлыг суллана гэж баримт бичигт дурджээ.
Зургаа дахь долоо хоногт ХАМАС үлдсэн бүх хоригдлыг суллаж, хариуд нь Израиль ХАМАС-аас өгсөн жагсаалтын дагуу шоронгоос Палестины хоригдлуудыг суллахаар болов. Хэлэлцээрийн хоёр дахь үе шатанд "цэргийн болон дайсагнасан үйл ажиллагааг бүрмөсөн зогсоох болно. Израилын цагдан хорих төвүүдийг чөлөөлж, Израилын цэргийг Газын зурвасаас бүрэн гаргах болно. Гэрээний гурав дахь үе шатанд "нас барсан бүх цогцсыг солилцох" тухай баримт бичигт дурджээ. Гурав дахь үе шатанд Газын зурвасыг 3-5 жилийн хугацаанд сэргээн босгох төлөвлөгөөг эхлүүлэх аж.
2023 оны 10 дугаар сарын сарын 07-нд ХАМАС бүлэглэлийн дайчид Израилын нутаг дэвсгэрт халдаж, 1200 гаруй хүний аминд хүрсний дийлэнх нь энгийн иргэд байв. Мөн тэд 250 орчим хүнийг Газын зурваст олзлон авчирсан билээ. Палестины Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр 46600 гаруй палестин хүн нас барсан нь 2008 оноос хойш Газын зурваст болсон мөргөлдөөний үеэр амиа алдсан хүний тооноос 10 дахин их байна гэж Ройтерс агентлаг мэдээлэв. Зарим эх сурвалжид энэ хугацаанд хоёр талын нийлсэн 70 мянга гаруй хүн амь үрэгдсэн гэх судалгааг нийтэлжээ.
Л.Баяр