Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-д олзлогдсон Украин цэргүүдийн оронд Хойд Солонгосоос олзлогдсон хоёр цэргийг солилцож, эх оронд нь буцааж өгөхөд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Эдгээр Умардын цэргүүдийг нэгдүгээр сарын 9-нд олзолсон гэж Украины тал бямба гарагт мэдэгдэв.
Украины Аюулгүй байдлын алба (SBU) уг цэргүүд Киевт байгаа бөгөөд эмнэлгийн тусламж авч байгаа гэж мэдэгдэв. Тэд зөвхөн солонгос хэлээр ярьдаг бөгөөд Өмнөд Солонгосын NIS (Үндэсний тагнуулын алба)-ын тусламжтайгаар байцаагдаж байгаа аж.
Зеленский өнгөрсөн бямба гарагт гэмтэж бэртсэн эрчүүдийн зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлхийг үүрэгдсэн. Мөн Монголтой ойр орших Тува улсын нутаг дэвсгэрт төрсөн Орос цэргийн улаан үнэмлэхний зургийг нийтэлжээ. Тодруулбал, Хойд Солонгосын цэргүүдийг олзлох үед нэг цэрэг нь ОХУ-ын Тува улсад бүртгэлтэй хүний нэр дээр цэргийн үнэмлэхтэй байсан гэнэ. Нөгөөх нь бичиг баримтгүй байсан.
Байцаалтын үеэр цэргүүдийн нэг нь 2024 оны намар Орост уг бичиг баримтыг авсан тухайгаа мэдүүлжээ. Тэр үед Хойд Солонгосын зарим байлдааны ангиуд нэг долоо хоногийн хугацаатай харилцан ажиллах ур чадварын сургалтад хамрагдсан гэдэг.
Зеленскийн ажлын алба бямба гаригт хийсэн мэдэгдэлдээ “Оросууд тэднийг Тува болон Москвагийн хяналтад байдаг бусад нутаг дэвсгэрээс ирсэн мэтээр бичиг баримт олгож, Хойд Солонгосын цэргүүд гэдгийг нь нуухыг оролдож байна” гэжээ. Тува үнэмлэхтэй цэрэг нь 2005 онд төрсөн, 2021 оноос хойш БНАСАУ-д цэргийн алба хааж байгаа гэж тагнуулын албанаас мэдээлжээ.
Хоёр дахь хоригдол эрүү нь гэмтсэн тул мэдүүлгээ бичгээр өгсөн. Тагнуулын алба түүнийг 1999 онд төрсөн бөгөөд 2016 оноос хойш Хойд Солонгост мэргэн буудагчийн алба хааж байсан гэдгийг тогтоожээ.
Л.Баяр