Аврах багийнхан Италийн Альпийн нуруунд цасанд дарагдсан Британи аялагчийн цогцсыг олжээ. Нас барсан аялагч найзынхаа хамт тэнд очсон бөгөөд энэ сарын 01-нд сураггүй болсон юм. Одоогоор түүний найзыг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна гэж Италийн аврах алба лхагва гарагт мэдэгдэв. Италийн Альпийн аврах алба эдгээр хүмүүсийн тухай эрэн хайх мэдэгдлийг нэгдүгээр сарын 6-нд буюу тэднийг Трентогийн ойролцоох Адамелло нуруунд гарснаас хойш тав хоногийн дараа гаргасан.
Тэд гэр рүүгээ хуваарийн дагуу нислэг үйлдэж чадаагүй, хамаатан садан нь албаныхантай холбоо барьсны дараагаар тэднийг хайж эхэлсэн аж. Эхний хоёр өдрийн эрэн хайх ажиллагаанд цас орж, манан, цасан нуранги үүссэн. Улмаар өнгөрсөн лхагва гарагт аврах багийнхан нисдэг тэргээр хайгуул хийж нэгнийх нь цогцсыг олжээ.
Явган аялагчдын утасны бичлэг байршлыг нь тогтооход тусалсан бөгөөд багийнхан тэдний үүргэвч, багаж хэрэгсэл, мөн цасанд дарагдсан явган аялагчдын нэгний цогцсыг олсон гэж аврагчид мэдэгдлээ. Британийн хэвлэлүүдээр 36 настай Азиз Зириат, 35 настай Сэм Харрис нарыг шинэ он гарсантай зэрэгцэн уг аяллыг эхлүүлэхээр төлөвлөж байсан хэмээгээд тэднийг "туршлагатай аялагчид" гэжээ.
Л.Баяр