Газар дундын тэнгисийн зэлүүд арал дээр 30 гаруй жилийн турш ганцаар амьдарч, нийгмээс өөрийгөө бүрэн тусгаарласан эр соёл иргэншилд эргэн ирээд гуравхан жилийн дараа буюу 85 насандаа таалал төгслөө.
Мауро Морандиг Италийн Сардиниа арлын ойролцоох Дэлхийн II дайны үеийн хоргодох байр байсан Буделли арлын цорын ганц оршин суугч байлаа. Түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Робинзон Крузо" гэж хочилдог байв. Тэрээр ганцаардмал амьдралаараа бахархдаг байжээ.
Моранди 1989 онд даалгавраар Полинез руу явах гэж байсан ч хувь тохиолоор уг арлын хамгаалагч болжээ. Түүний хэлснээр, энэ нь түүний нийгмээс зугтах том боломж байжээ.
Аз болж Буделлигийн өмнөх "даяанч" манаач тэтгэвэртээ гарах гэж байсан тул Моранди ажлаа авч, үзэсгэлэнт арал дээрх шүрэн, боржин чулуу, хясаагаар хийсэн байшинд ганцаараа амьдарч эхэлсэн гэдэг. 2021 онд Италийн муж арлыг байгалийн цэцэрлэгт хүрээлэн болгох үед түүнийг Италийн эрх баригчид нийгэмд эргүүлэн авчирсан аж. Өөрөөр хэлбэл түүнийг арлаас хөөсөн.
Тэрээр арал дээр 32 жил ажиллахдаа наран шарлагын газруудыг цэвэрхэн байлгаж, арлын экосистемийн талаар өдрийн аялагчдад сургалт явуулдаг байв. Тэр нарны эрчим хүчний системийг ахуйдаа ашиглаж, энгийн задгай зуухаар байшингаа халаадаг байсан гэнэ.
Түүнийг арлаас албадан гаргасны дараа муж улс түүнийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тооцогддог Сардиниас холгүй орших архипелаг Ла Маддалена руу нүүлгэж, нэг өрөө байр бэлэглэсэн юм.
Тухайн үед Моранди "Амьдрал дуусашгүй. Би бол хоёр дахь шинэ амьдрал байдгийн амьд нотолгоо. 80 нас гарсан ч бүгдийг дахин эхлүүлж болно. Учир нь танд өөр оршихуй, өөр ертөнц бий. Хоёр дахь боломж үргэлж байдаг. Би аз жаргалтай, сайхан амьдарч, өдөр тутмын тав тухыг эдлэхийн таашаалыг дахин нээсэн хүн" гэжээ.
Тэр арлаасаа эргэн ирсэн даруй нийгэмд хурдан дасан зохицсон бөгөөд шинэ амьдрал нь түүнд тохирсон тухай ярьжээ. Морандигийн бие өнгөрсөн зунаас эхлэн муудсан учир Сардини муж улсын Сассари хотын асрамжийн газарт очжээ.
Сонирхуулахад, тэр Италийн хойд хэсгийн Модена хотын уугуул иргэн. 1989 он хүртэл биеийн тамирын багшаар ажиллаж байжээ.
Түүний биеийн байдал муудаж, өнгөрсөн амралтын өдрүүдэд төрөлх Модена хотдоо насан эцэслэжээ. Найзууд нь фэйсбүүк хуудсаараа дамжуулан түүний чандрыг далайд цацна гэж амласан байна.
Л.Баяр