Гэр хороололд л амьдрал буй мэтээр бодож өссөн нэгэн хүүгийн анхны ном айсуй. Харж л чадвал юм бүхэнд үзэсгэлэн хийгээд үзээрийн муухай төрх бий. Тэдгээрийг харж, туучиж явсаар өдий хүрсэн ч сэтгэлдээ буртаггүй цээнд хүрсэн хүн ховор юм. А.Сайханбаярыг сэтгүүлч мэргэжилтэй, сайхан шүлгүүдтэй хүн дээ гэж бодож явсан минь дулимаг байж. Түүнд дарж явсан өгүүллэгүүд байж, түүнийгээ эмхэтгэн хэвлүүлжээ.
Аливаа уран бүтээлийг туурвихын нууц нь эмзэг, бас хүн байх гэж бодном. Уран бүтээлч байхын төлөө амьдралын уйг туулцгаадаг ч билүү. Өчүүхэн зүйлийг ч хуваах гэж зүддэг байх, өөрийгөө хайрладаггүй ч өрөвддөг байхыг би түүнээс л анзаардаг юм. Амьдрал биднээс агуу сайхнаа нуудаг боловч тэдгээрийг нь олж харах нүдийг өвлөн төрсөн хүмүүс цөөнгүй бий. Түүний нэг нь гарцаагүй Сайханаа л даа. Халаасандаа гартай, цээжиндээ шүлэгтэй хүн хаана ч баян санагддаг юм. Түүн шиг баян хүн амьдралд ховор оо.
Шинэхэн номыг нь унших хүн бүрд эдгээр эшлэлийг хүргэж байна.
1. ...“Гудамжаар зөрөх хүмүүс миний инээдийг сонсоод жаахан ч гэсэн инээмээр санагддаггүй юм байх даа” гэж бодоод үе үе чангаар инээнэ. Гэвч тэд надаас үргэлж цочно.
"Усны хөвөөнд амьдардаг би"
2. ...Нэвт норсон цамцны цаанаас өнгө өнгийн цээживч, хөхний даруулга харагдана. Би тэсэлгүй нүүрээ даран тонгойлоо. Ичмээр юм бэ. Өчнөөн хүн харж байхад даа. Очоод хэлчихвэл яах бол?
"Усны хөвөөнд амьдардаг би"
3. ...“Би” тэгээд “бусад” юм байна.
4. ...Өнгөрсөн жилийн цагаан сараар цэмбийтэл нүүрээ угаачихсан, эв хавгүй ч гэсэн бүр будчихсан, хуучин дээлээ өмсөөд ирчихсэн өвөө эмээтэй золгож, хүүхдүүдээ үнсэж билээ. Тэгээд л дээлээ тайлж орхиод гараад явсан, тэр нь одоо ч авдарт эвхээстэй л байна.
"Тогоруун дуу"
5. ...Гудамж болгоны тоосыг хөдөлгөж явсан гэж санахаар ээжид уйлах ч газар олдоогүй л хэрэг.
"Тогоруун дуу"
6. ...Хэн нэгэн энэ их шаналлыг хаа нэг газар мэдэрч байж болох л юм.
"Нил цэцэг"
7. ...Яг ийм хавар байсан гээд бод доо. "Хайрлана" гэдгийг анхны хайрынхаа гарыг харамлан харамлан ширтэхээс өөр гэдгийг мэдэрсэн тэр үдэш харин намар байсан.
"Ганцаардалд хань болох гурван цэг"
8. ...Нялх ногооны үнэр болоод хайлсан цасны үнэр хамар цоргино. Тамхины цэнхэр утаа дээш сарнин алга болоход гараа гарган тэр зүгт өргөн шинжиж харна. Хотоор нэг ч хүн алга.
"Ганцаардалд хань болох гурван цэг"
9. ...Гайхалтай, ингээд бүр мөсөн уусав. Айдас, бас өнөөх саарал өдөртөө... одоо маргаашийг минь хэн нэгэн бодуулж өгөөч, гуйя.
"*"
10. ...Ганцаараа байх шиг ийм сайхан зүйл хорвоод байдаггүй байх. Харин яаж яваад би үүнийг олж амар жимэр аж төрж сурсан юм бол доо.
"Алтан загасны үлгэр"
11. ...Энэ дууг чамтай хамт аялах бүр сэтгэл дүүрдэг гээд бод доо!
"Сүүдэр"
12. ...Би яагаад энэ ертөнц рүү цаг хугацаагаа умартан байж орох дуртай байдаг байна аа.
"Сүүлийн дэвтэр"
13. ...шарх, сорвинд нь хүртэл хайртай байсан...
"Ганцаардалд хань болох гурван цэг"
14. ...Зэргэлдээ хашааны саарал байшин мананд ууссаар үгүй болжээ. Болж байна. Намайг ч мөн өтгөн мананд уусган авч одооч дээ.
"Алтан загасны үлгэр"
15. ...Унтаж байхад нүдэн дээр нар тусахад би хамгийн дургүй. Ядаж байхад тэр над руу эргэж харсан ч би харж амжаагүй.
"Алтан загасны үлгэр"
Л.Баяр