Азийн хамгийн хүчирхэг лигүүдийг нэгтгэсэн East Asian Super League-ийн 2025-2026 оны улирлаас МСБХ-ны Үндэсний Дээд лигийн аварга багийг оролцуулах албан ёсны урилга ирснээр хоёр тал хамтран ажиллаж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотой туслигийн Гүйцэтгэх захирал Henry Kerins, Үйл ажиллагааны менежер Steve Han болон Маркетингийн менежер Alex Oh нар хүрэлцэн ирж, энэ өдөр МСБХ-ны Үндэсний Дээд лиг зохион байгуулагчидтай албан ёсны анхны уулзалтыг хийлээ.
Уулзалтаар хоёр лигийн зохион байгуулалт, тоглогчдын бүртгэл, тоглолтын хуваарь, маркетинг, медиа төлөвлөгөө зэрэг үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл харилцан солилцлоо.
Үүний дараагаар UG Arena-гийн үйл ажиллагаа, Үндэсний Дээд лигийн зохион байгуулалттай үзэж танилцлаа. Лигийн тоглолтуудыг ФИБА стандартаар UG Arena-д зохион байгуулагддаг тул EASL зохион байгуулах стандарт хангагдсан байна гэж үзэн тэд сэтгэл хангалуун байлаа.
East Asian Super League нь FIBA буюу Олон Улсын Сагсанбөмбөгийн Холбоонд хүлээн зөвшөөрөгдсөн хамтын ажиллагаатай бизнес лиг. Нэг баг нэг улиралд 6 тоглолт хийх ба үүнээс гурвыг нь өөрийн талбайд, гурвыг нь зочлон тоглох юм. Шагналын сан 2.5 сая доллар ба хожил бүрээсээ бонус авах зэрэг олон боломжтой аж. МСБХ-ны Үндэсний Дээд Лигийн багууд Азийн шилдэг багуудтай өрсөлдөхөөс гадна санхүүгийн нэмэлт орлого олох боломж нээгдэж байгаа юм. Тус лигт БНСУ, Япон, Тайвань, Хонгконг, Филлиппиний лигийн аварга багууд өрсөлддөг.
EASL нь Дэлхийн 18 улсад шууд дамжуулагддаг ба нэг тоглолтыг 8 сая үзэгч үздэг аж. Энэ хэрээр Монгол улсаа олон улсын түвшинд сурталчлах том боломж юм.
EASL-ийн удирдлагууд Монголын лигийн аварга баг тус лигт тоглох болж буйд баяртай байгаагаа илэрхийллээ.