Сирид босогчид төрийн эргэлт хийж, тус улсыг олон жил эрхшээсэн "Асадын дэглэм" нуран унасан. Улмаар Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асад ОХУ руу зугтаж, тэнд орогносон. Тэгвэл түүний эхнэр Их Британи гаралтай Асма аль-Асад салах өргөдлөө өгсөн гэх мэдээлэл тарав.
"Босогчид Дамаскийг хяналтдаа авсны дараа Асма гэрлэлтээ цуцлуулж, нөхрийнхөө хамтаар орогнож байгаа Орос улсаас явахыг хүсэж байна" гэж Туркийн хэвлэлүүд мэдээлж байсан. Түүнчлэн Асадынхан Оросын нийслэлд хатуу хориг дор амьдарч байгаа бөгөөд Сирийн тэргүүн хатагтай асан салах өргөдлөө өгч, Лондон руу буцаж очихыг хүссэн тухай мэдээлсэн байна.
Гэвч уг мэдээллийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч үгүйсгэлээ. Дмитрий Песков хэвлэлийн бага хурал дээр "уг мэдээллүүд бодит байдалд огтхон ч нийцэхгүй" гэжээ. Тэрбээр мөн Ассадыг Москвад хорьсон, түүний өмч хөрөнгийг битүүмжилсэн гэх мэдээллийг үгүйсгэв.
Орос улс Асадын дэглэмийн үнэнч холбоотон байсан бөгөөд иргэний дайны үед тэдэнд цэргийн дэмжлэг үзүүлж удаатай. Сирийн тэргүүн хатагтай асан Асма нь Сири-Британийн давхар иргэншилтэй боловч Их Британийн Гадаад хэргийн сайд түүнийг Их Британид буцаж ирэхийг зөвшөөрөхгүй гэж өмнө нь мэдэгдэж байсан.
Өдгөө 49 настай Асма аль-Ассад 1975 онд Их Британид Сири гаралтай гэр бүлд төрсөн бөгөөд Лондонгийн баруун хэсгийн Актон хотод өссөн. Тэрбээр 2000 онд 25 настайдаа Сири рүү нүүж, сарын дараа нөхөртэйгээ гэрлэжээ. Башар аль-Асад Их Британид суралцаж байхдаа түүнд дурлаж, эхнэрээ болгохоор шийдсэн гэдэг.
Сирийн тэргүүн хатагтайгаар 24 жил ажиллахдаа тэр барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн сонирхлыг ихэд татсаар байв. Тухайлбал, 2011 онд "Vogu" сэтгүүлийн тэргүүн нүүрэнд түүний тухай "Цөл дэх сарнай" нэртэй нийтлэл гарч байлаа. Уг нийтлэл олны эсэргүүцэлтэй тулгарсан юм. Мөн тэр 2018 онд хөхний хорт хавдар туссан ч удалгүй эдгэрсэн билээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (2)