Пап лам Францисыг Иракт айлчлах үеэр "хөнөөх тухай төлөвлөгөө"-г Их Британийн тагнуулын албаныхны таслан зогсоосон талаар түүний намтар номонд дурджээ. "Пап ламыг 2021 оны гуравдугаар сард Иракын Багдад хотод газардсаны дараа хоёр амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлсэн" тухай уг номын нэгэн бүлэгт өгүүлнэ.
"Дараа нь халдлага үйлдэгчдийг барьж, устгасан" гэж Италийн "Corriere della Sera" сонинд нийтэлж байсынг энд сануулъя. Коронавирусын цар тахлын үеэр гурван өдөр үргэлжилсэн уг айлчлал нь пап ламын Иракт хийсэн анхны айлчлал бөгөөд аюулгүй байдлыг нь өндөр түвшинд хамгаалсан гэдэг.
Өмнөх жилүүдэд Иракт шашны бүлэглэлийн хүчирхийлэл нэмэгдэж, шиа, суннит шашинтнуудын хооронд мөргөлдөөн гарч, шашны цөөнхүүд хавчигдаж байв. Тус улсын христийн шашинтнууд ялангуяа Исламын улс бүлэглэл болон бусад суннит хэт даврагчидын бай болж тоо нь эрс багассан.
Ромын Пап лам намтар номондоо "тухайн үед бараг хүн бүр надад айлчлалаас татгалзахыг зөвлөсөн ч би үүнийг хийх ёстой гэж бодсон юм" гэжээ. Түүний хэлснээр Британийн тагнуулынхан энэ хуйвалдааныг илрүүлж, Иракийн цагдаа нарт анхааруулсан тул пап лам амьд үлдэж чаджээ.
"Hope" нэртэй ном ирэх сарын 14-нд хэвлэгдэнэ.
Л.Баяр