Яруу найрагч - Б.Батрэгзэдмаа - Цэцгэн ээмэг
***
Ээжээс минь үлдсэн энэ бөгжөөр би чамд ээмэг цохиуллаа
Би чихэнд чинь өөрөө зүүж өгье!
Ингээд чи минийх боллоо
Ээж маань бас залуу боллоо
Энэ өдрөөс эхлээд би чамайг хайрлах болно
Эхдээ зориулж чадаагүй бүхнээ би чамд зориулах болно
Нууцаар хэзээ ч битгий нулимс унагаарай
Надад хэлээрэй нулимсыг чинь арчих болно.
Оймсоо урагдсан ч бүү оёорой
Оёж суухад нь би ижийгээ
Өрөвдөж мэддэггүй байлаа
Үнсэх болно би
Үсийг чинь үргэлж илбэн хайрлана
Үүрд гил хар байдаггүй юм билээ
Эрт босч цай чанаж
Элдвийг хийж бүү санаашраарай
Энэ цагаас эхлэн би босч чамд цай чанаж өгнө.
Бүү гайх бүсгүй минь
Би эхдээ өртэй. Эмэгтэй хүнд өртэй
Би хийх ёстой бүхнийг хийх цагт нь хийгээгүй
Хөлөө жийж, чи хөнжилдөө цайгаа уу
Хүүхэд шиг чи эрхэлж
Хүссэнээ надаас нэх, би баярлах болно
Итгэхгүй байгааг чинь би харж байна
Ингэх ёстой. Чи бол миний боломж
Хөөрхий ээжийнхээ дэргэд би гял цал зогсоод
Хуучин дээлтэй эх минь
Хүүгээ харлуулчихвий гээд
Хүмүүсээс зайдуу хулмалзаж явдаг байжээ
Харин одоо минийх биш, ээж таны ээлж
Хүүхдүүд минь таныг бахархаж байх болно
Хүрэн зүрхийг нь би өөрөө хайлуулна
Эхийн санаа үрд, үрийн санаа ууланд явдаг бол
Үрийн санаа эхдээ, эхийн санаа ууланд явдаг
Үүнийг би энэ амьдралдаа өөрчлөх болно
Эмэгтэй хүн, эх хүн жаргаж болохыг
Энэ удаа би ертөнцөд бүтээж үзмээр байна
Бүсгүй минь цэцгэн ээмгээ тольдон
Бүх эмэгтэйчүүдийн өмнөөс жаргалтай дуу аял
Энэ л миний амьдрал байх болно
Эхийгээ хайрласан даа гэж би өөрийгөө аврах болно.
Чи бол миний боломж...