Энэ жилийн "Nikon" зэрлэг ан амьтдын инээдмийн гэрэл зургийн шагнал гардуулах ёслолын ялагчаар "модонд гацсан хэрэм"-ний зураг тодорч, "инээж буй мэлхий", "бүргэдийн араас хөөж буй загас"-ны зургууд удааллаа.
Зохион байгуулагчдын хэлснээр, уралдаанд 9000 гаруй бүтээл ирсэн нь тэмцээний 10 жилийн түүхэн дэх хамгийн өндөр тоо ажээ. Ялагчаар Милко Марчеттигийн "Stuck Squirrel" нэртэй бүтээл шалгарсан байна.
Марчеттигийн гэрэл зурагт улаан хэрэм модонд цээжин хэсгээрээ ороод гацсан байдалтай байх бөгөөд хөл нь модтой тэгш өнцөгт байрлал үүсгэжээ.
"Би Италид олон жилийн турш янз бүрийн нөхцөлд хэрэмний зураг авсан. Энэ зураг надад үнэхээр инээдтэй, хачирхалтай санагдсан. Би энэ зургийг орон нутгийнхаа гэрэл зургийн клубээр дамжуулан хүмүүст үзүүлэхэд үзсэн болгон инээд, хөөр болж байлаа. Энэ нь надад тэмцээнд оролцох урам болсон” гэж Марчетти мэдэгдэлдээ дурджээ.
"Nikon Europe"-ын маркетинг хариуцсан ахлах менежер Стефан Майер Марчеттигийн ялалтыг зарлаж байгаадаа баяртай байгаагаа хэлээд, түүний уг гэрэл зураг "байгалийг үнэхээр сэтгэл татам болохыг таниулж, өндөр мэдрэмж гаргасан байна" гэж магтжээ.
Есөн төрөлд шалгарсан шилдгүүдийн дундаас инээмсэглэж буй мэлхийн зургийг дарсан Кингстон Там "Nikon" залуу гэрэл зурагчны шагналыг хүртжээ. Мөн шилдгүүдийн дунд 10 настай Флинн Тайтанунде-Лобб гэх зурагчин байв. Видео төрөлд Кевин Лохман жавартай өглөө зүлгэн дээр тоглож буй улаан үнэгний бичлэгээрээ түрүүлэв.
Л.Баяр