Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдэг зуны олимпын наадам улирч, өнгөрсөн олимпын алдаа, оноогоо дүгнэх мөч ойртож байна. Юу гэхээр, “Парис-2024” олимпын наадмаас монголын баг ердөө нэг медальтай ирсэн. Тиймээс өнгөрсөн дөрвөн жилийн ажлаа МҮОХ тайлагнах учиртай.
Өдгөө МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль хоног хоногоор ойртож, тус сонгуульд санал өгөх гишүүн холбоод бас хөдөлгөөнд оржээ. Хэдхэн хоногийн өмнө МҮОХ-ны гишүүн байгууллага болох Монголын чөлөөт бөхийн холбооны сонгууль болж, МАН-ын генсек улиран ажиллах батламжаа гардсан бол Ширээний теннисний холбоо ерөнхийлөгчөө сонгосон байна.
Энэ бүхэн гагцхүү МҮОХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгууль руу чиглэж, одоогийн ерөнхийлөгч Б.Баттүшигийг дахиулах урьдчилсан ажил гэж хэлж болох.
Үүгээр барахгүй, энэ сард Монголын боксын холбоо, Монголын шатрын холбооны ерөнхийлөгчийг сонгох сонгууль болох агаад Монголын боксын холбоог Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын талаас М.Баянмөнхийг зүтгүүлэх сурагтай байгаа бол Монголын шатрын холбооны ерөнхийлөгчид Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатарын нэр эрчийг аван яригдаж байна.
Х.Нямбаатар хэдэн жилийн өмнө Монголын боксчидод өөрийн гэсэн ордон барьж өгнө гэсэн амлалтаа хэрэгжүүлж чадаагүй, боксын шигшээ багийн тамирчинаас допинг илэрсэн даруй ажлаа өгсөн нэгэн. Монголын эрэгтэй боксчид өнгөрсөн олимпод оролцох эрхээ аваагүй хариуцлага ч түүний оруулж ирсэн холбооны удирдлагуудтай нягт холбоотой.
МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг бол өмнөх ерөнхийлөгч Н.Түвшинбаярын “Бүдүүн өвсөнд” бүдэрсэн далимыг овжин ашиглаж, өндөр сэнтийд заларсан нэгэн. Тэр МҮОХ-ны ерөнхийлөгч болох ажлаа лавшируулж, өнгөрсөн жил Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгчид ээжийгээ тавьсан.
МҮОХ өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын ололт гэхээсээ алдаа нь олон байж. Тамирчдын эрх ашиг хөндөгдөж, олимпын наадамд буудлагын О.Есүгэн, боксын эрэгтэй баг олимпын эрхийн тэмцээнээс хоцорсон зэрэг асуудлыг мартах учиргүй.
Сэтгэгдэл (4)