Энэ сарын 07-нд "Монгол бөхийн өргөө"-нд Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан барилдаан боллоо. Уг барилдаанд өнөө жилийн Улсын баяр наадмаар долоо давж, "Улсын заан" цол хүртсэн Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат "Дүнжингарав" дэвжээ, "Нэгдэл" клуб, "Сүлд" спорт хороо, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, ШШГЕГ 427-р анги, Батхаан Транс ХХК-ийн бөх Д.Хүдэрбулга түрүүллээ. Үзүүрт МУГТ, чөлөөт бөхийн ОУХМ, Улсын заан М.Лхагвагэрэл шалгарав.
Уг түрүү нь түүний хувьд бөхийн өргөөн дэх хоёр дахь түрүү болов. Тэрбээр өнгөрсөн жил Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан, "Дүнжингаравын аваргуудаа алдаршуулах" барилдаанд түрүүлж байсан юм.
Тэрбээр бөхийн өргөөнд хоёр үзүүртэй. Эхнийх нь 2023 оны тавдугаар сард болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах, далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит, Улсын аварга цолны хүндэтгэл барилдаан, нөгөөх нь 2024 оны нэгдүгээр сард Жем Интернэшнл ХХК-ийн 25 жилийн ойд зориулсан, Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан юм. Мөн найман удаа их, зургаан удаа дунд шөвөгт шалгарч байлаа.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)