Өнгөрөгч бямба гарагт "Монгол бөхийн өргөө"-нд Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан боллоо. Уг барилдааныг өнөө жилийн Улсын баяр наадмын үзүүр түрүү бөхчүүд болох Улсын Дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр нар манлайлав. Мөн өнгөрсөн жилийн түрүү Ц.Бямба-отгон арслан болон Р.Пүрэвдагва арслан нар удаалан барилдлаа.
Тус барилдаанд олныг бахдуулсан нэг бөх байсан нь уг 128 бөхийн хамгийн бага эрэмбээр барилдсан Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат бөх Сумын заан Д.Төгс-Эрдэнэ билээ.
Тэрбээр чөлөөт бөхөөр хичээллэдэг. Сүүлийн жилүүдэд үндэсний бөхөөр барилдаж байгаа юм. Өсвөрийн болон хотын нэрэмжит чөлөөт бөхийн тэмцээнд оролцож алт, мөнгөн медаль хүртэж байлаа. Мөн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн. Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүрсэн амжилттай нэгэн.
Д.Төгс-Эрдэнэ өнөө жилийн "Алтаргана" наадмын буриад бөхийн төрөлд Улсын заан Д.Анарыг хаяж түрүүлсэн хүчтэн. Түүний ээжийн тал бөхийн удамтай. Тийм ч учраас үндэсний бөхөөр хүссэн цолондоо хүрэхийн төлөө хичээн барилддаг.
Тэрбээр 1995 оны есдүгээр сарын 14-нд төрсөн. "Нэгдэл" клуб, "Алдар" спорт хороо, ХЦ-0208 ангийн нэр дээрээс барилдаж буй. Биеийн өндөр 173 см, биеийн жин 99 кг. Анх 2014 онд Сумын заан цол хүртэж, улмаар 2017 онд цолоо баталсан байна.
Тэрбээр 2022 оноос эхлэн "Монгол бөхийн өргөө"-нд болсон барилдаануудад улсын том цолтонгуудыг өвдөг шороодуулсан нь өнөөдөр бөх сонирхогч хэн бүхний мэддэг, дэмждэг бөх болгожээ. Өнгөрсөн жил л гэхэд Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай, Ц.Бямба-Отгон тэргүүтэй бөхчүүдийг доор даваанд хаяж, олныг шуугиулж байлаа. Мөн тэр өнгөрсөнэ оны 11 дүгээр сард болсон Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, улсын начин Доржсүрэнгийн Батбаярын нэрэмжит аймаг, цэргийн цолтны барилдаанд шөвгийн дөрөвт шалгарч бахдам амжилт үзүүлж байв.
Уг амжилтаа бататгаж, мөн улс, аймгийн цолтны чансаатай барилдаанд анх удаа шөвгийн дөрөвт шалгарсан хүчтэн болон түүхэнд нэрээ үлдээсэн нь бямба гаргийн барилдаан байв. Тэрбээр нэгийн даваанд Улсын арслан Б.Орхонбаярыг, хоёрын даваанд Дархан аварга Н.Батсуурийг, гурвын даваанд Улсын харцага Л.Лха-Очирыг, дөрвийн нугараанд Улсын арслан Ц.Бямба-Отгоныг, тавын даваанд Улсын начин Э.Батмагнайг тус тус хаяв. Улмаар уг барилдааны түрүү бөх Улсын шинэ заан Д.Хүдэрбулгад өвдөг шороодлоо.
Түүний амжилтыг үнэлж, Ардчилсан намын дэргэдэх “Зориг” Ардчиллын хүрээлэнгээс жил бүрийн Ардчилсан хувьсгал, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд олгох "Зоригтон" шагналын анхны эзнээр тодруулсан юм. Мөн тэрбээр Улсын цолонд ойрхон бөхийн шагналыг хүртлээ. Түүнд сайхан ирээдүй харагдаж буй. Үүнийг нь Монголын бөхөд хайртай ард түмэн ерөөж байгаа нь гарцаагүй билээ.
Л.Баяр
Сэтгэгдэл (7)