БАРИМТ 1
17 настай, Токиогийн их дуулгын хүрэл медальт Тэрбишийн Ариунзаяа ЕБС-ийн II дунд сургуулийн 12-р ангийн сурагч юм. Түүний аав Д.Тэрбиш Төв аймгийн Угтаал цайдам сумын уугуул, үндэсний бөхийн сумын заан цолтой нэгэн.
БАРИМТ 2
Тэрбээр найман настайдаа буюу гуравдугаар ангийн сурагч байхдаа их спортод хөл тавьжээ. Их хөдөлгөөнтэй, хэрсүү хүүхэд байсан учраас гэрийнхэн нь спортоор хичээллүүлэхээр шийдсэн гэж тэрбээр ярьжээ.
БАРИМТ 3
ОУХМ Т.Энхцэцэгт 22-23 кг жинтэй байхдаа л шавьж орж байжээ. Ариунзаяаг анх "Алтайн хүчтэн" дэвжээнд ирдэг өдөр хуваарьт зүйл байсан болохоор шууд л уулын бэлтгэлд гарсан гэдэг.
БАРИМТ 4
Т.Ариунзаяагийн багш Т.Энхцэцэг хоёр ч олимпын наадмын барилдааныг дэнсэлсэн шүүгч билээ. Олимпын зэрэглэлийн шүүгч, Олон улсын хэмжээний мастер нэгэн. Тэрбээр “Гүрү дожо” дэвжээг үүсгэн байгуулж, олон шавь нарыг их спортод бэлтгэж, амжилтын тавцан руу хөтөлж байна.
БАРИМТ 5
Т.Ариунзаяа бол манай улсад жүдо бөх үүсэж хөгжсөнөөс хойшхи 50 гаруй жилийн түүх дэх "анхны" Өсвөрийн дэлхийн аварга юм. Тус тэмцээн энэ оны наймдугаар сард болсон билээ.
БАРИМТ 6
Түүний хувьд 2022 оны дотоодын чансаа олгох насанд хүрэгчдийн тэмцээний 48 кг-ын жингийн хагас шигшээ барилдаанд ОУХМ Г.Наранцэцэгтэй 25 минутын турш хурд хүч, авьяас, оюун санаагаа уралдуулсан гэдэг. 25 минутын барилдааны төгсгөлд шүүгчдийн саналаар гурван торгуулиар ялагдсан юм.
БАРИМТ 7
Тэрбээр хамгийн анх 2016 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний охидын 32 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, гараагаа эхлүүлж байжээ.
БАРИМТ 8
Түүнчлэн залуучуудын УАШТ-д гурван жил дараалан буюу 14,15,16 настайдаа оролцож хоёр алт, нэг мөнгөн медаль хүртжээ. Улмаар 2023 онд жүдо бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн.
БАРИМТ 9
Түүний хувьд насанд хүрэгчдийн 2024 оны УАШТ-ээс эхлээд 57 кг-ын жинд барилдах болсон агаад энэ жинд тогтож барилдах бодолтой байгаа аж.
БАРИМТ 10
Т.Ариунзая жүдо бөхийн "Гүрү дожо" клубын тамирчин юм. Түүний их спортын зам дардан байг.
Сэтгэгдэл (19)