Шарталт гэж юу вэ?
Шартах үзэгдэлд олон талын тайлбар бий. Анагаах ухааны талаас бол шарталт нь спиртийн төрлийн ундааны хүний бие махбодод сөрөг нөлөө үзүүлэх үе шат буюу спиртийн төрөл хэрэглээд, тодорхой хугацааны дараа биеийн байдал муудах үзэгдэл.
Био хими талаас бол- Этилийн спирт нь хүний бие организмд орсоны дараа хүний цусанд нэвтрэн орж явсаар элгэнд хүрнэ, тэнд урвалд орсоноор исэлдэн “Ацетальдегид” гэдэг бодис болж хувирна. Энэ бодис нь хүний биед спиртээс 30 дахин илүү хор хөнөөлтэйгөөс гадпна шартах гол урвалын учир шалтгаан болно. Элгэний үйл ажиллагааны явцад ацетальдегид урвалд орсоор хоргүй цууны хүчил болж дараа нь нүүрсхүчлийн хий ба ус болж биеэс гадагшилна.
Хувь хүнд-Архи уусны маргааш нь толгой өвдөх, дотор муухайрах, гар салгалах, ам хатах, ээлжлэн халуун, хүйтэн оргих зэрэг олон шимж тэмдэг илэрдэг. Дээрхи товчхон тайлбараас үзвэл шартах үзэгдлийн гол учир шалтгаан нь энгийн нэг хиймийн урвалын үр дүн спиртээс үүссэн ацетальгнид гэх химийн хорт бодисын хүний биед байх хугацаанд үзүүдэх үйлчилгээнд оршино. Энэхүү бодисын хор хөнөөлийг нарийвчлан үзэж, учир шалтгааныг нь ойлговол шарталтын нөлөөллийг шинжлэн ухааны үндэслэлтэйгээр багасгах зөв арга шийдлийг ухамсарлах болно.
Учир шалтгаан
Шарталтыг үүсгэж буй үндсэн үзүүлэлтүүд: Тархины эд эсэд үзүүлэх нөлөөлөл-спирт ба ацетальгид цусны эритроцит буюу улаан бөөмүүдийн гадаргууг гэмтээснээс тэдгээрийн хана нь задарч, хоорондоо наалдаж, тархины нарийн судаснуудын бөглөрөл үүсгэнэ. Уг бөглөрөл тархины эд эсийг үхүүлэхэд хүргэж, эсүүд ялзрахаас өмнө цэвэрлэгээний шингэн тодорхой хэмжээгээр ялгарч бөглөөсүүдийг арилгах урвал явагдана. Уг үйл ажиллагаа толгой өвдөх гол шалтгаан юм.
Мэдрэхүйн өөрчлөлт-уг урвал тархины эд эсэд шууд нөлөөлснөөс шартсан үед тод гэрэл, чанга дуу чимээ, хурц үнэр гэх мэт мэдрэхүйн түвшин нэмэгдэж тав тухгүй, цочимтгой болно.
Бодисын солилцооны өөрчлөлт-Ацетальгидын хордлогыг арилгахын тулд бие махбод дотроос олон төрлийн бодисын хэрэглээ огцом нэмэгддэг. Ялангуяа B төрлийн аминдэм, Фолийн хүчлийн дутагдал ба Кали эрдсийн хомсдол бий болно. Эрдэс, аминдэм багассанаар биеийн ерөнхий эсэргүүцэл буурснаас болж биеийн ерөнхий байдал муудна.
Хүчил ислэгийн тэнцвэрийн алдагдал-спиртийн төрлийн бүтээгдэхүүнийг явцад бий болох бодис буюу цууны хүчил зэрэг байдаг тул дотор муухайрах, амьсгал давхцах, зүрхний цохилт хурдсахад хүргэнэ.
Шингэний дутагдал-архи уусан хүмүүсийн биед маш их хэмжээний ус гадагшлуулах үйл явц явагддаг. Энэ нь шээс хүрэх, хөлрөх, хавагнах, амьсгалж буй агаараар ууршуулах (өвөл машинд согтуу хүн суухад цонх цантах) гэх мэтээр илэрдэг. Шингэний дутагдал нь цус өтгөрүүлэхэд хүргэж, бодисын солилцоог удаашруулан, биеийн эсэргүүцлийг бууруулна.
Шарталтын зовлонг багасгах, болж өгвөл бүр мөсөн арилгах арга юу байдаг талаар дараах зөвлөгөөнүүдийг уншаарай. “Шалгалт” өгөх цаг нь ирсэн хойно битгий олон юм яриад байгаарай даа. Шартахгүй байх хамгийн шилдэг арга бол “архи уухгүй байх” гэж хэлсэн ч сэтгэл амрахгүй. Тиймээс архи уух онц ноцтой шаардлагатай хүмүүст зориулж дөрвөн үе шаттай аргачлалыг санал болгож байна.
“Оршил”-нэгдүгээр үе буюу архи уухаас өмнө
Баяр ёслол ч юм уу, ажлын арга хэмжээ тэргүүтэй шалтгаанаар их хэмжээний архи уух шаардлагатайгаа мэдэж байгаа бол 2-3 цагийн өмнө 50 грамм цагаан архи уух нь элэг болон биеийн эсэргүүцлийн системийг “байлдааны бэлэн байдал”-д оруулна. Энэ бол хордлого судлалын эмч нарын архи хэрэглэхийг хүлээн зөвшөөрдөг цорын ганц тохиолдол. Харин “бие халаалт” хийж байна гээд дээрхи хэмжээнээс хэтрүүлэх юм бол хариуцлагаа хүлээх хэрэг гарна.
Архи уухаас өмнө тослог зүйл идэх, наранцэцгийн тос аягаар нь уулаа гээд шарталтаас сэргийлж чадахгүй гэдгийг анхааруулъя. Ингэлээ гээд согтохгүй байж болох ч маргаашийн үр дагаврыг үүгээр бууруулж чадахгүй. Харин ч эсрэгээрээ, урьдчилаад хоол хэтрүүлэн идсэн хүмүүс согтохгүй байгаагаасаа болж их ууж, их шартах магадлалтай.
“Өрнөл”-Хоёрдугаар үе буюу архи уух үед
Глицин гэх бодис их хэмжээгээр агуулсан даруулга хэрэглэвэл уусан архины хамгийн гол хор болох Ацетальгидтай урвалд орж түүнийг багасгах болно. Глицин хамгийн ихээр агуулсан хүнс бол желатин (царцаамгууд, мармелад), үхэр, тахиа, галууны мах, үхрийн элэг, газрын самар, цагаан болон гурвалжин будаа юм. Мөн дээрхи хүнс олдохгүй үед Глицин-форте хэмээх нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэж болно.
Даруулгыг хэтрүүлэн хэрэглэвэл “Оршил” хэсэгт сануулсантай адил, тухайн үедээ согтохоос сэрийлэхээс биш, шарталтыг багасгахад огтхон ч тус болохгүй. Харин ч уух юмныхаа хэмжээг хэтрүүлэх талтай.
Архи уух явцад “Идэвхижүүлэх нүүрс” гэдэг хар шахмалаас 8-10 ширхэгийг давхарлаж уувал хоргүйжүүлэх явцыг багасгахад тустай. Лимоны шүүс ууснаар архины хорыг багасгаж болно.
Архины төрлүүдийг хольж уухгүй байх чухал. Ялангуяа “градус дээшлүүлж” уудаг арга нь шинжлэх ухааны талаас ямар ч ор үндэслэлгүй гэдгийг наад захын эмч байтугай, оюутнууд ч хэлж өгч чадна.
Эцэст нь хэлэхэд, хэтрүүлж бус, тохируулж уу. Тохируулж уух боломжгүй бол ичгэвтэр боловч, үе үе бөөлжих нь ирээдүйд хийх хамгийн сайн “хөрөнгө оруулалт” болно.
“Оргил үе”-Гуравдугаар үе буюу архи уусны дараа унтахын өмнө
Согтууруулах ундаа уух үедээ “Идэвхижүүлсэн нүүрс” эм уух боломж олдоогүй бол харих замдаа ч болтугай олж уух хэрэгтэй. Эмийн санд орсон бол витамин B-гийн комплекс, B1, B6-гийн аль нэгийг авч, газар дээр нь уугаарай.
Гэртээ очсон бол шулуун гэдсэнд бургуй тавих бол хамгийн найдвартай арга. Энэ зөвлөгөөг дагамааргүй байвал бөөлжих эцсийн арга шүү. Орондоо орохоос өмнө зөгийн балтай халуун ус уувал архины хордлогыг тайлна.
Дээрхи аргуудын алийг нь ч хэрэглэх боломжгүй бол Аспирин уугаад унаад өг. Анхааруулахад, ходоодны шархлаатай хүмүүст энэ эм тохиромжгүй. Мөн парацетамол элгэнд ачаалал өгдөг тул уугаад хэрэггүй. (Ходоодны шархлаатай хэрнээ архи уугаад явж байгаа хүмүүстэй юу ч яриад байгаа юм)
“Төгсгөл”- Дөрөвдүгээр үе буюу өглөө, өдөр. Үзээд алдах сүүлчийн арга.
Дээрхи арга хэмжээнүүдээс алийг нь ч хэрэглэхгүйгээр “гүрийж” явсаар “тасарсан” бол юуны өмнө Аспирин уу. Ингэвэл толгойн өвчин намжина.
-
Лимон, зөгийн балтай ус(мөстэй бол бүр ч янзтай) 1-2 литрийг зугуухан уу.
-
Банантай тараг, эсвэл тарагтай банан ид (угаасаа хоолойгоор тань өөр юм давахгүй л болов уу)
-
Дэргэдэх хүнээ гуйгаад ч юм уу, загнаад ч юм уу шингэн бантан хийлгэж ид.
-
Толгойн өвчин дарагдтал баашлангаа орноосоо бүү бос. Болж л өгвөл унт.
-
Өмнөх үе шатуудын зөвлөгөөнүүдийг сайтар хэрэгжүүлсэн бол урд орой нь архи уусан тухайгаа санахгүй ч байж магад (ухаан санаа болон бие махбод гээд аль ч талаараа шүү дээ). Гэхдээ зарим алхмыг орхигдуулсан байсан ч алдаагаа засах боломжтой.
-
“Оргил”, “Ар жанчивлан” рашаан уу.
-
Халуун, хүйтэн хослуулсан шүршүүрт ор.
-
Сэгсийтэл секс хий (гол зорилго нь хөлсөө гаргах, бусад нь таны асуудал)
-
Дараа нь чихэргүй кофе юм уу, лимонтой, өтгөн хар цай уу
Шар тайлах зорилгоор ахиад “100 татмаар” санагдаж байгаа бол өөрийгөө архичин болсон эсэх талаар тунгаан бод. Шартсан энгийн хүн архи уух нь битгий хэл, үнэрийг нь авахад л дотор муухайрах ёстой юм шүү. Эсрэгээрээ байгаа бол дээрхи зөвлөгөөнүүдийг даруй март, өөр хүмүүстэй найзла.
Дүгнэлт
Дээрхи дэлгэрэнгүй заавруудыг товчилбол ихээхэн хэмжээний архи уух “албан” шаардлага гарсан тохиолдолд дараахь нарийн аргачлал хэрэглэвэл маргааш нь арилгасан өндөг шиг биш юм гэхэд ажилдаа асуудалгүй очиж чадахаар болно.
-
Үндсэн арга хэмжээнээс 2-3 цагийн өмнө 50 грамм архи ууж, бие халаалт хий, хэтрүүлж болохгүй.
-
Замаараа эмийн сан орж хоргүйжүүлэх Карболен олдохгүй бол “Идэвхижүүлсэн нүүрс”, мөн Глицин-форте, B-гийн төрлийн аминдэм, Алька-Зельцер зэрэм эмнээс ахиухан ав.
-
Арга хэмжээний үеэр Глицин агуулсан даруулга түлхүү хэрэглэ, олдохгүй бол орлуулагч эмийг нь уу.
-
Хоргүйжүүлэх зориулалттай дээрх эмээ үе үе уу.
-
Лимоны шүүс хэрэглэ
-
Зөвхөн нэг төрлийн уух зүйлээр дагна
-
Хэтрүүлэн хэрэглэх шаардлагатай байгаа бол бөөлжиж гарга
-
Гэртээ хариад унтахаасаа өмнө зөгийн балтай халуун ус болон хоргүйжүүлэх эм, B аминдэм, Аспиринээ уугаад хэвтээд өг.
-
Өглөө босоод Аспирин-ийг зөгийн бал, лимонтой усаар даруулж уу.
-
Рашаан уу, гадил тарагтай ид, бантан байвал бүр ч сайн.
-
Шүршүүрт халуун, хүйтэн усанд ор
-
Хөлсөө гарга (аргыг нь дээрээс олж уншина уу)
-
Хөлсөө дарж кофе буюу лимонтой цай уу
-
Өрвийж амжсан сахлаа хусаж аваад ажил руугаа явж үз.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)