Умард болон Өмнөд Солонгосчууд Жосон гүрний үед (1392-1910) нэг хэлтэй, нэг соёлтой, нэгдмэл улс болон оршиж байв. Гэвч 60 гаруй жилийн өмнөөс тэд "Өмнөд ба Хойд Солонгос" нэртэй болж зэвсэггүй бүсээр таслагдсан билээ.
Тэд хэрхэн хуваагдсан бэ?
Хятад-Японы нэгдүгээр дайнд ялсны дараа буюу 1895 оноос Японы эзэнт гүрэн Солонгост өөрийн тоглоомын улсыг байгуулж байсаар 1910 онд албан ёсоор Солонгосын хойгийг бүхэлд нь өөрийн бүрэлдэхүүнд оруулав. Ингээд 1910-1945 оны хооронд Солонгос нь Японы колони болжээ.
Дэлхийн хоёрдугаар дайн төгсгөл рүүгээ ойртоход Холбоотон гүрнүүд орон нутагт сонгууль болж өөрийн засгийн газрыг байгуулах хүртэл Японы газар нутагт (үүнд Солонгос бас орно) өөрийн захиргааг тогтоохоор болов.
АНУ-ын засгийн газар Филиппинээс гадна Японыг дайны дараа халамжлах болсон тул дээр нь Солонгосыг нэмэхэд дурамжхан байлаа. Харамсалтай нь Солонгос бол Америкчуудын нэн тэргүүний сонирхол биш байв. Харин нөгөө талд Хаант засгийн үед Орос-Японы дайнаар (1904-1905) энэ бүсэд хяналтаа алдсан Зөвлөлтийн засгийн газар илүү идэвхитэй байжээ.
1945 оны наймдугаар сарын 6-нд АНУ Хирошимад атомын бөмбөг хаяв. Хоёр хоногийн дараа ЗХУ Японд дайн зарлаж Манжуурыг эзлэн авлаа. Зөвлөлтийн цэрэг Солонгосын хойд эрэг дагуу гурван цэгт газарджээ. Наймдугаар сарын 15-нд Нагасаки хотод атомын бөмбөг хаясны дараа эзэн хаан Хирохито Японы ялагдлыг хүлээн зөвшөөрч Дэлхийн хоёрдугаар дайн төгсөв.
Япон бууж өгөхөөс дөнгөж тав хоногийн өмнө АНУ-ын засгийн газрын албан хаагчид Дин Руск, Чарльз Боунстил нар Зүүн Ази дахь Нэгдсэн улсын мэдлийн газар нутгийг зураглах даалгавар авчээ. Тэд ямар ч Солонгос хүнтэй зөвлөлгүйгээр, зүгээр л Сөүл хотыг өөртөө багтааж байхаар 38 дугаар өргөрөгийн дагуу өөрсдийн дураар шугам татаж орхив.
Тэдний зурсан зураг дайны дараа Японыг засаглах Америкийн төлөвлөгөө болон Нэгдүгээр Ерөнхий тушаал (General Order No1) хэмээх албан бичигт оров. Солонгосын хойд хэсэгт байсан Япон цэргүүдийг Зөвлөлт, өмнөд хэсэгт байсныг нь Америкчууд олзлоод байжээ.
Энэ үед Өмнөд Солонгост улс төрийн намууд байгуулагдаж Сөүлд засгийн газар байгуулахаар ажиллаж эхэлсэн нь Америкийн цэргийнхнийг айлгаж эхэлжээ. Учир нь удирдагч нарынх нь дотор олон зүүний үзэлтэй улс төрчид байлаа.
ЗХУ, АНУ-ын захиргаа 1948 онд Солонгосын хоёр хэсгийг нэгтгэх эсэх асуудлаар бүх нийтийн сонгууль явуулахаар төлөвлөсөн ч тэд бие биедээ итгэхгүй байсан тул болоогүй юм.
АНУ бүх хойгийг капиталист засаглалтай болгохыг сонирхож байсан бол ЗХУ бүхэлд нь коммунист улс болгохыг хүсч байлаа. Эцэст нь АНУ анти-коммунист үзэлтэй Синман Риг Өмнөд Солонгосыг удирдуулахаар томилов.
1948 оны тавдугаар сард Өмнөд Солонгос өөрийн улсыг зарлажээ. Наймдугаар сард нь анхны ерөнхийлөгч болсон Ри шууд Өмнөд Солонгос дахь коммунист болон зүүний чиг хандлагатай хүмүүсийн эсрэг дайн зарлав. Энэ үед Хойд Солонгост Зөвлөлтийн тал, дайны үед Улаан армид хошууч байсан Ким Ил Суныг томилжээ. 1948 оны есдүгээр сарын 9-нд тэр албан ёсоор засгийн эрхийг авав. Ким тэр дороо өөрийн тойрон хүрээлэгчдийг бүрдүүлж, барууны үзэлтэй хүмүүсийг улс төрөөс зайлуулж эхэлжээ.
1949 он гэхэд Ким Ил Суны хөшөө Хойд Солонгос даяар босож тэр өөрийгөө "Их Удирдагч" гэж нэрлэх болов. 1950 онд Ким Ил Сун бүх Солонгосыг коммунист тугийн дор нэгтгэхээр шийдэв. Тэр Өмнөдийг эзлэх дайн дэгдээсэн нь гурван жил үргэлжилсэн Солонгосын дайн гэгдэж гурван сая Солонгос хүний амийг авсан юм. Гэвч дайны дараа тэд анхны байрандаа буцан ирж 38 дугаар өргөрөгөөр хиллэсэн хэвээр үлджээ.
Ийнхүү АНУ-ын доод тушаалын албан хаагчдын Дэлхийн хоёрдугаар дайны сүүлд гаргасан яаруу, хариуцлагагүй шийдвэрээр байнгын дайсагнагч хоёр улс бий болжээ. Үүнээс 60 гаруй жилийн дараа, олон сая хүний амь үрэгдсэн ч 38 дугаар өргөрөгийн дагуух хил дэлхийн хамгийн маргаантай, халуун цэг хэвээр байгаа нь харамсалтай.
Эх сурвалж: Asianhistory.about.com