1990-ээд оны сүүлээр үүсгэн байгуулагдаж хүүхэд, залуусын зүрх сэтгэлд тод мөр үлдээсэн "Emotion" хамтлаг "UB IS MY HEART" хэмээх гэгээлэг, шинэ уран бүтээлээрээ эргэн ирлээ. Дууны аяыг хөгжмийн зохиолч Б.Чинбат хийсэн бол үгийг хамтлагийн гишүүн Э.Ганболор зохиожээ.
Тэд стресстэй Улаанбаатарыг анагааж, хотоо хайрлах, нэгнээ яг л халуун кофе шиг дулаацуулахын тухай дуулжээ. Хэдийгээр утаа, замын түгжрэл, уур бухимдал нийслэлд хотод минь байгаа ч жаргал нь мундахгүй их бий тухай, цаашлаад энэ л хот бидний гэр, зүрх сэтгэл гэдгийг хүмүүсийн сэтгэл рүү дуулахыг зорьсон нь илт.
Хамтлагийн товч түүх
Одоогоос 14 жилийн өмнө "SweetYmotion" нэртэй болсон ч тэд хуучин нэрээ эргүүлэн аваад удаагүй байгаа билээ. Тус хамтлаг нь Болороо, Сарнай, Сүндэрээ гурваас бүрэлдсэн Монголын охидын поп/R&B хамтлаг бөгөөд хуучин гишүүн Солонгоогийн хамт "Emotion" нэрээрээ ард түмэнд анх танил болсон юм.
Охидын үерхэл "Хөгжим Бүжгийн Коллежи"-д анх элсэн орсон долоон настай байх үеэс нь эхэлсэн гэдэг. Сарнай, Болороо хоёр төгөлдөр хуур, Сүндэрээ хийл хөгжимд тус тус шамдан суралцаж байсан гэдэг. Тэд багадаа сонсож өссөн Америкийн алдарт рок, поп одуудтай адил алдартай дуучид болохыг мөрөөддөг байжээ.
Хичээлийнхээ дараа, мөн амралтын өдрүүдээр цуглан дуулах, орчин үеийн гадаадын хамтлаг дуучидын шинэ дуу хөгжим, хөгжмийн ертөнц дэх шинэ сонин, мэдээ мэдээллүүдийг сонирхон судлах нь тэдний хийх дуртай зүйлс байв. Энэ цагаас өнөөдрийн "Emotion" хамтлагийн үндэс тавигджээ. Тэд хамтдаа олон уралдаан, тэмцээнд түрүүлсэн нь уран бүтээлээ тууштай хийх урам болсон гэдэг.
Л.Баяр