Тайваний Ерөнхийлөгч Лай Чинг-тэ хоёр өдрийн айлчлал хийхээр АНУ-ын Хавай мужид хүрэлцэн ирсэн нь БНХАУ-ын дургүйцлийг хүргээд байна.
Энэхүү айлчлалыг Номхон далайд хийх аялалын нэг хэсэг, түр зогсоол гэж үзэж байгаа ч АНУ, БНХАУ-ын хооронд удаан үргэлжилсэн хурцадмал байдал, Тайванийг тойрсон мөргөлдөөн гарах вий гэсэн болгоомжлол нэмэгдэж байгаа үед болж байгаа олон талт маргааныг дэгдээв.
Хавайд ирснийхээ дараа хийсэн мэдэгдэлдээ Лай дайнд "ялагч байхгүй" бөгөөд "Дайнаас урьдчилан сэргийлэхийн тулд бид хамтдаа тэмцэх ёстой" гэжээ. БНХАУ-ын Гадаад хэргийн яам энэ айлчлалыг хүчтэй буруушаав.
Хятадын иргэний дайны дараагаар 1949 онд салан тусгаарласан Тайванийг Хятад улс өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг хэмээн үзэж, бусад улс орнууд тус улстай дипломат харилцаа тогтоохыг эсэргүүцсээр ирсэн.
Аяллынхаа үлдсэн хугацаанд Лай Тайванийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн 12 улсаас Номхон далайн Маршаллын арлууд, Тувалу, Палауд зочлох болно. Мөн АНУ-ын Гуам аралд нэг шөнө саатах аж.
Л.Баяр