АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эрүүгийн хоёр ч хэрэгт ял сонсоод байгаа хүү Хантер Байдендаа албан ёсоор өршөөл үзүүлжээ. Тэрбээр ням гарагт мэдэгдэлдээ хүүгийнхээ хэргийг "шударга ёсны алдаа" гэв.
"Би ажлаа авсан өдрөөсөө эхлэн Хууль зүйн яамны шийдвэрт хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ хугацаанд би хүүгээ шударга бусаар яллагдаж байгааг харж байсан ч хэлсэн үгэндээ хүрсэн” гэж нэмж дурдав.
Хантер Байден есдүгээр сарын эхээр татварын хэргээ хүлээсэн бөгөөд өнгөрсөн зургадугаар сард хууль бусаар буу эзэмшиж, хар тамхи хэрэглэж байсан нь тогтоогдсон билээ.
Хоёрхон сарын өмнө Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер "Жо Байден хүүдээ өршөөл үзүүлэхгүй" гэж мэдэгдсэн. Гэвч ням гаргийн орой Байден хэдийгээр шударга ёсны тогтолцоонд итгэдэг ч "улс төр энэ үйл явцыг халдварлуулж, шударга ёсыг алдагдуулахад хүргэсэн. Америкчууд эцэг, ерөнхийлөгч хоёр яагаад ийм шийдвэр гаргасныг ойлгоно гэж найдаж байна" гэжээ.
Хантер Байден хариу мэдэгдэл хийхдээ хар тамхинд донтсон хар өдрүүдэд хийсэн алдааг минь "гэр бүлийн минь эсрэг гутаан доромжлох зорилгоор ашигласан. Өнөөдөр надад олгосон өршөөлийг би хэзээ ч энгийн зүйл мэтээр ойлгоод өнгөрөөхгүй. Шинэ амьдралаа зовж шаналж буй хүмүүст туслахад зориулах болно" хэмээжээ.
Л.Баяр