Өнгөрсөн ням гарагт ДОХ-ын эсрэг олон улсын өдөр тохиов. Энэ өдрийг тохиолдуулан BBC агентлаг уг өвчинтэй тэмцэж буй хүмүүсийн тухай сурвалжилга бэлджээ.
Английн Бристол хотод амьдардаг Алед Осборн 24 настай байхдаа ердийн үзлэгээр ХДХВ-ийн халдвар авсан тухайгаа мэджээ. Одоо тэрбээр ДОХ-ын вирусыг дарангуйлдаг эмийн ачаар эрүүл саруул, сэтгэл хангалуун амьдарч байгаа нэгэн.
Осборн одоо ХДХВ-ийн халдвартай хүмүүс бусдын адил эрүүл, хэвийн амьдрах боломжтой гэдгийг онцлон харуулах зорилгоор Бристол хотын буяны байгууллагын сурталчилгааны кампанит ажилд оролцож байгаа юм. Өдгөө 36 настай тэрбээр энэ өвчнийг туссан гэдгээ эмчийн амнаас сонсхоосоо өмнө "ямар нэг зүйл болохгүй байгааг мэдсэн учир үзлэгт орсон" тухайгаа хуваалцав.
Тэрбээр "Би ямар нэг зүйл болохгүй байгааг мэдэж байсан. Өвчтэй гэдгээ дуулсны дараа хэсэгтээ л хоосон, утгагүй мэдрэмж авсан. Тэгээд хэр удаан амьдрах бол гэж ихбодсон доо. Гэвч одоо үүнтэй эвлэрч, ажил хэрэг болгож чадсан" гэж хэлэв.
Одоо тэр шинэ кампанит ажил эхлүүлснээр ХДХВ-ийн халдвар дамжихаас сэргийлж чадах анагаахын шинжлэх ухааны "гайхалтай" дэвшлийг харуулахаар хичээж байгаа. Энэ тухайгаа тэр "Энэ бол өмнөхөөсөө тэс өөр түүх" гэв.
Ням гарагт болох Дэлхийн ДОХ-той тэмцэх өдрийг тохиолдуулан Английн Бристол, Хойд Сомерсет, Өмнөд Глостершир мужуудад уг өвчнийг тээж яваа зургаан хүний туршлагыг хуваалцсан дижитал сурталчилгааны самбаруудыг автобусны зогсоолуудад дэлгэн тавьжээ.
Тэдний нэг нь багадаа хөхөөр хооллож байхдаа ХДХВ-ийн халдвар авсан Сун юм. Тэрбээр 12 настайдаа вирусын халдвар авчээ. Тухайн үед тэр ирээдүйгээ төсөөлж ч чаддаггүй нэгэн байв. Гэвч тэр одоо ХДХВ-ийн тухай яриаг "хэвийн" болгохыг хүссэн учраас уг аянд сайн дураараа оролцож байгаа юм.
Тэрбээр "Үнэхээр адармаатай түүх л дээ. Би үхлээс айж байсан. Сургуульдаа хов живний бай болдог байлаа. Би өөрийн түүхээ өөртөө л хадгалах ёстой. Гэвч одоо энэ өвчний тухай бусдад зөв мэдээлэл өгөх нь миний үүрэг болсон. Эм тариа, кампанит ажлын тусламжтайгаар бид ХДХВ-ийн шинэ тохиолдол гаргахгүй байхын тулд шаардлагатай бүх туршлагыг хуримтлуулсан. Бидэнд ийм хүч байгаа нь гайхалтай хэрэг" гэв.
Эмили Кавстон 2016 онд уг вирусын халдвараар өвчилсөн бөгөөд оноштойгоо эвлэрэхдээ "гэм буруутай, ичгүүртэй" мэдрэмж төрж байсан гэжээ. Гэвч тэрбээр одоо зургаан настай хүүгээ өсгөж, хүмүүст ХДХВ-ийн халдварын талаар мэдлэг олгоход нь туслахыг эрмэлзэж буй ээж хүн юм. Түүний амьдрал "баяр баясгалан, гайхамшиг"-аар дүүрэн байгаа.
Эцэст нь дүгнэхэд, тэд ДОХ-той биш, ДОХ-ын талаарх нийгмийн буруу ойлголтын эсрэг тэмцэж байгаа ажээ. Судалгаагаар, 2009 оны байдлаар дэлхий дээр 30 сая орчим хүн энэ өвчнөөр нас барсан бол 2010 оны байдлаар дэлхий дээр ДОХ-ын халдвар авсан нийт 34 сая орчим хүн амьдарч байгаагийн 2,5 сая нь 15 хүртэлх насны хүүхэд байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)