Данийн "Ново Нордиск" эмийн компани 180 сая гаруй хүн таргалалттай амьдарч байгаа дэлхийн хоёр дахь том эмийн зах зээл болох Хятадад таргалалтын эсрэг алдартай "Wegovy" эмээ худалдаанд гаргалаа.
Энэ алхам нь долдугаард сард Хятадад жин хасах эм худалдаалах оролдого хийж байсан ч хараахан гаргаж амжаагүй байгаа Эли Лиллитэй өрсөлдөөнийг улам хурцатгаж байна. Ирэх арван жил хугацаанд 150 тэрбум ам.долларын ашигтай байна гэж шинжээчдийн таамаглаж буй жин хасах эмийн зах зээлд хөрөнгө оруулахын тулд хоёр компани үйлдвэрлэлээ эрчимжүүлж байгаа гэнэ.
АНУ-д "Wegovy" эмийн нэг сарын хэрэглээний үнэ ойролцоогоор 1349 ам.доллар байдаг. Ново компанийн хэвлэлийн төлөөлөгч Хятад дахь үнийн талаар тайлбар хийгээгүй байна.
Тэд зургадугаар сард Хятадад "Wegovy" эмийг худалдаалах зөвшөөрлийг авсан бөгөөд 2021 онд АНУ-д худалдаанд гаргасан байдаг. Одоогоор уг эм дэлхийн 15 улсад борлуулалт өндөр байгаа нь Новогийн хувьцааг дээд амжилтад хүргэж байгаа юм. Компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 449 тэрбум ам.доллар байна.
"Wegovy" нь Хятадын үндэсний эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлтөд хамрагдахгүй. БНХАУ-ын дийлэнх хүн ам уг даатгалд хамрагдсан байдаг билээ.
Л.Баяр