1980 онд АНУ-ын Мичиган мужид байгуулагдаж байсан "Spirit Airlines" даваа гарагт дампуурлаа зарлалаа. Учир нь өсөн нэмэгдэж буй алдагдал, дааж давшгүй өр төлбөр нь нэмэгдэж, бусад агаарын тээврийн компаниудтай нэгдэх боломжгүй болсон нь дампуурахад шууд нөлөөлжээ.
Тус агаарын тээврийн компани өрийн бүтцээ өөрчлөн үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Уг компаниар үйлчлүүлэгчид урьдын адил тасалбараа захиалж, хөнгөлөлтөө эдлэх боломжтой. Нөгөө талд компаниа дампуурлаас аврахын тулд удирдлагууд нь хөрөнгөтэй хүмүүстэй гэрээ хэлцэл хийж, олон сая ам.долларын зээл авснаар алсуур санхүүгийн чадамжаа дээшлүүлэх арга замыг хайж байгаа сурагтай.
АНУ-ын агаарын тээврийн компаниуд болон бусад хувийн компаниуд дампуурлаа зарлах нь гайхаад байхаар зүйл биш. Сүүлийн 25 жилийн хугацаанд АНУ-ын томоохон агаарын тээврийн "American Airlines", "United", "Delta" зэрэг гурван том компани дампуурлаа зарлаж байлаа.
"Spirit"-ийн мэдүүлэгт тус компанид 13 мянга орчим үндсэн болон хагас цагийн ажилтан, мөн өөр 8 мянган бие даасан гэрээт гүйцэтгэгч, түр ажилчид байгаа. Уг компанийн сэргээн босголтод АНУ-ын Сангийн яамыг хоёр дахь том зээлдэгчээр жагсаажээ.
АНУ-ын Сангийн яам 2020, 2021 онуудад улсын агаарын тээврийн компаниуд цар тахлын асуудлаас болж зогсох үед бизнесийн үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхийн тулд буцалтгүй тусламж, зээл олгосон байдаг. Мөнгөний ихэнхийг шууд буцалтгүй тусламж болгон тараасан бөгөөд нийт 21.2 тэрбум ам.доллар зээл хэлбэрээр эзэндээ очжээ. Сүүлийн жилүүдэд "Spirit"-ийг "Frontier Airlines", "JetBlue Airways" компаниудтай нэгтгэхийг оролдож байв.
Л.Баяр