Криптовалютын түүхэн дэх хамгийн том хулгайн гэмт хэргийн эзэн нэгэн хакер АНУ-ын шоронд таван жилийн хоригдох ял сонслоо.
Илья Лихтенштейн өнгөрсөн жил 2016 онд Bitfinex криптовалют биржийг хакердаж, ойролцоогоор 120 мянган биткойн хулгайлсан хэрэгт буруугаа хүлээсэн.
Тэрбээр хулгайлсан криптовалютаа эхнэр, реппер Хизер Морганы тусламжтайгаар угааж, хип хоп хөгжмийг нь сурталчилдаг байжээ. Хосууд хэргээ нуун дарагдуулах боломжтой байсан ч Нью-Йорк орчмын газруудад зураг авалтыг нь хийсэн, доромжлолоор дүүрэн хөгжмийн видео, рэп дуунууд цацсан нь баригдах шалтгаан болжээ. Дууны үгэндээ Морган өөрийгөө "муу мөнгө хийдэг хүн" гэж олонтоо хэлсэн аж.
ОХУ-д төрсөн ч АНУ-д өссөн Лихтенштейн гэр бүлээрээ аялж байхдаа шуудан зөөгч нараар дамжуулан угаасан мөнгөө нутаг буцаадаг байсан гэж прокурорууд мэдэгджээ. Хулгай болох үед биткойны үнэ ойролцоогоор 70 сая ам.доллар байсан ч баривчлагдах үед үнэ нь 4.5 тэрбум ам.доллар болж өссөн гэдэг. Өнөөдөр энэ үнэ хоёр дахин өссөн билээ.
2022 оны хоёрдугаар сард баривчлагдсанаасаа хойш шоронд хоригдож байгаа Лихтенштейн хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрээр ялаа эдлээд цахим гэмт хэрэгтэй тэмцэхэд өөрийн ур чадвараа дайчлан ажиллана гэж найдаж байгаагаа хэллээ.
Л.Баяр