Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трамп давамгай ялалт байгуулсны дараа биткойны үнэ түүхэндээ анх удаа 80 мянган ам.доллар давлаа. Энэ нь Бүгд найрамдахчууд аль хэдийн ерөнхийлөгчөө залж, Сенатад олонхийн суудал авч, Конгрессыг бүхэлд нь хянахад ойрхон байгаа цаг үед тохиож буй нь хачирхалтай.
Энэ нь сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Д.Трамп АНУ-ыг "дэлхийн крипто нийслэл" болгоно гэж амласантай холбоотой байж магадгүй гэж шинжээчид үзэж буй. Түүнчлэн дэлхийн хамгийн том криптовалютын үнэ энэ жил 80 гаруй хувиар өссөн байна.
Трампыг дэмжигч Илон Маскийн сурталчилсан "dogecoin" зэрэг бусад криптовалютууд ч мөн өсөлт сайтай байгаа. Сонгуулийн өмнөхөн Трамп биткойны стратегийн нөөцийг бий болгож, дижитал хөрөнгөд ээлтэй санхүүгийн зохицуулагчдыг томилно гэж хэлсэн удаатай.
Трамп ерөнхийлөгчийн хувьд хийх анхны үйлдлийнхээ нэг нь Үнэт цаас, биржийн комиссын (SEC) одоогийн дарга Гари Генслерийг огцруулах явдал гэж мэдэгджээ. 2021 онд Жо Байденаар томилогдсон Генслер нь SEC-ээс крипто үйлдвэрлэлийг таслан зогсоох ажлыг удирдаж байсан билээ.
Татварыг бууруулах, бизнест тавих зохицуулалтыг багасгах зэрэг Д.Трампын өргөн хүрээтэй мөрийн хөтөлбөр нь сонгуульд ялснаас хойш бусад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн. Бүгд найрамдахчууд засгийн газрын гүйцэтгэх засаглал болон хууль тогтоох эрх мэдлийн аль алиныг нь хянаж байгаа тул энэ салбарт түүхэн өөрчлөлтүүд гарах нь цаг хугацааны асуудал боллоо.
Л.Баяр