Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 165 дугаар зарлигийн дагуу “Чингис хаан” цомыг Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд олгож байхаар шийдвэрлэсэн билээ. Энэхүү цомыг хүртсэн хамгийн анхны бөхөөр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын харцага Э.Даш тодорсон билээ.
Тэгвэл уг цомын жижиг хувилбарыг Улсын харцага Э.Дашд гардуулжээ. Тус цом нь “Монгол бахархлын өдөрт зориулсан барилдааны түрүү бөхөд шилжин явах юм. Харин цомын жижиг хувилбарыг жил бүрийн түрүү бөхөд үүрд хадгалуулахаар тогтжээ.
Уг цом 126 см өндөр, 18 кг жинтэй. Хүрэл цутгамал, алтан шармал “Чингис хаан” цомын нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн монгол бичгээр бичжээ. Харин ар талд Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлсөн байна. Цомыг уран бүтээлч, зураач, дизайнер С.Чулуунбаатар бүтээсэн бөгөөд дөрвөн зүг найман зовхист амьдран суугаа монголчууд амар амгалан, дайчин цогтой, хийморьлог байж, Монгол Улс мөнхөд оршин байх бэлгэдлийг дүрслэн урласан аж.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)