Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху олон сар үргэлжилсэн мөргөлдөөний гэрч, гол албан тушаалтан байсан Батлан хамгаалахын сайд Йоав Галлантыгаа огцрууллаа. Мягмар гаргийн орой хийсэн мэдэгдэлдээ Нетаньяху "Батлан хамгаалахын сайд бид хоёрын хоорондын итгэлцэл тасарсан" гэж мэдэгджээ.
Түүнийг огцруулсан нь гурван үндсэн маргааны холбогдолтой гэнэ. Тодруулбал, хэт үнэн алдартны шашинтай эрчүүдийн цэргийн алба хаах асуудал, Газад барьцаалагдсан хүмүүсийг орхих эсэх, 10-р сарын 7-нд болсон Хамас бүлэглэлийн халдлагын талаар албан ёсны мөрдөн байцаалт явуулах шаардлагатай гэсэн гурван маргаанаас үүдэн түүнийг ажлаас нь халсан байна.
Батлан хамгаалахын сайдаар одоо Гадаад хэргийн сайдаар ажиллаж байгаа Исраэль Катз түр ажиллах юм. Катцын оронд улс төрч Гидеон Саар Гадаад хэргийн сайдаар томилогдоно гэж тус улсын Ерөнхий сайдын албанаас мягмар гарагт мэдэгдлээ. Аль аль нь цэргийн салбарт арвин туршлагагүй ч Катц дайны туршид засгийн газрын танхимд ажиллаж байсан гэдгээрээ уг албанд тохоогдов.
Израилын хамгийн чухал холбоотон болох АНУ-ын сонгогчид дараагийн ерөнхийлөгчөө сонгож буй энэ цаг үед ийм алхам хийж байгаа АНУ-ын нөлөөлөл хэр хүчтэйг харуулж буй гэж ажиглагчид дүгнэв. Галлант бол АНУ-ын засаг захиргааны ойрын ярилцагч бөгөөд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остинтэй өдөр бүр холбоотой байсан хүн.
Газын зурвас болон Ливанд цус урсгасан дайн хийж байгаа Израилын хувьд Ираны хариу цохилтыг хүлээж буй нэн чухал мөчдөө уг бүтцийн өөрчлөлтийг хийсэн нь зүйтэй алхам байж болно. Галлант уг шийдвэрийг олон нийтэд зарласны дараахан хариулахдаа "Израилын аюулгүй байдлыг хангах нь миний насан туршийн эрхэм зорилго байсаар ирсэн. Цаашдаа ч тийм байх болно" гэж X дээр нийтэлжээ.
Л.Баяр