Америкийн сонгогчид энэ өдөр Ардчилсан намаас нэр дэвшигч дэд ерөнхийлөгч Камала Харрис, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч буй экс ерөнхийлөгч Доналд Трамп нарын хэнд нь улс орныхоо ирэх дөрвөн жиоийн ирээдүйг даатгах эсэхээ шийдэх чухал сонголттой тулгарав. Энэхүү нийтлэлээс тэдний мөрийн хөтөлбөртөө дайн, инфляци, үр хөндөлт, цагаачлал, татвар, худалдаа, эрүүл мэнд, уур амьсгалын өөрчлөлт, галт зэвсэг, мансууруулах бодисын талаар юу тусгасныг харьцуулж харцгаая.
Инфляци
Харрисын хамгийн чухал зорилт бол ажилчин гэр бүлүүдийн хоол хүнс, орон сууцны зардлыг бууруулахыг хичээх явдал. Тэрбээр хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хориглож, анх удаа орон сууц худалдан авч буй хүмүүст дэмжлэг үзүүлж, орон сууцны хангамж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхээ амлаад байгаа. Байдены ерөнхийлөгч байгаа өнгөрсөн дөрвөн жилд инфляци барууны олон орнуудын адилаар огцом өссөн нь зарим талаараа Ковидийн дараах хямрал гэж хэлж болохуйц. Мөн Украины дайнаас шалтгаалж байгаа гэж үзэх шинжээчид цөөнгүй.
Трамп "инфляцийг зогсоож, Америкийг дахин боломжийн болгоно" гэж амласан. Газрын тосны өрөмдлөгийг нэмэгдүүлэх нь эрчим хүчний зардлыг бууруулах арга гэж тэр хэлсэн. Тэрбээр ерөнхийлөгчийн хяналтад байдаггүй зээлийн хүүг бууруулна гэж амласан бөгөөд бичиг баримтгүй цагаачдыг албадан гаргах нь орон сууцны дарамтыг бууруулах зөв арга гэж үзэж байгаа. Түүний импортын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулна гэсэн амлалт нь үнийн өсөлт үүсгэж болзошгүйг эдийн засагчид анхааруулж байна.
Татвар
Шинжээчдийн үзэж байгаагаар тэдний татварын төлөвлөгөө хоёулаа алдагдлыг нэмэгдүүлэх боловч Трампынх илүү их байна гэж тооцоолжээ.
Харрис жилд 400 мянган ам.доллар олдог томоохон бизнесүүд болон америк иргэдийн татварыг нэмэгдүүлэхийг хүсч байгаа. Гэхдээ тэрбээр гэр бүлийн татварын дарамтыг хөнгөвчлөх хэд хэдэн арга хэмжээ, тухайлбал хүүхдийн татварын хөнгөлөлтийг өргөжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдээ танилцуулсан. Тэр хөрөнгийн өгөөжийн татварын талаар Байдентай маргасан бөгөөд түүний 44.6 хувьтай харьцуулахад 23.6 хувиас 28 хувь хүртэл бага зэрэг өссөн байна.
Трамп харин эсрэгээрээ 2017 онд санаачилж байсан татварын системээ сунгахыг санал болгож байгаа. Уг санаачлага нь чинээлэг хүмүүстээлтэй гэлцдэг. Тэрбээр импортын татвараар тэдний төлбөрийг төлнө гэж тэр хэлсэн.
Үр хөндөлт
Харрис үр хөндөлтийн эрхийн тухай санаачлагаа сонгуулийн кампанит ажлынхаа гол сэдэв болгосон. Тэр нөхөн үржихүйн эрхийг улс даяар баталгаажуулсан, хүнд ээлтэй хууль тогтоомж болгохыг уриалж байгаа.
Трамп үр хөндөлтийн талаар тууштай буй байгаа. Түүний ерөнхийлөгч байх хугацаанд Дээд шүүхэд томилсон гурван шүүгч нь 1973 онд гарсан АНУ-ын үр хөндөлтийн үндсэн хуулиар олгогдсон эрхийг хүчингүй болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн.
Цагаачлал
Харрис өмнөд хилийнхээ хямралын үндсэн шалтгааныг арилгах үүрэг хүлээсэн. Урд хилээс хойд зүгт чиглэсэн цагаачдын урсгалыг зогсооход чиглэсэн бүс нутгийн хөрөнгө оруулалт хийхэд олон тэрбум долларын хөрөнгө босгосон гэж хэлж болно. 2023 оны эцсээр Мексикээс АНУ-д цагаачлах хүмүүсийн тоо түүхэн доод түвшиндээ хүртэл буурчээ. Энэ кампанит ажилд тэрбээр өөрийн байр сууриа чангатгаж, Калифорниад хүний наймаачидтай тэмцэж байсан прокурорын туршлагаа онцолсон.
Трамп өмнө нь ярьдаг байсан шиг ээ хана босгох ажлыг дуусгаж, хэрэгжилтийг нэмэгдүүлэх замаар хилийг битүүмжлэхээ амласан. Гэхдээ тэр Бүгд найрамдахчуудыг Харрисын дэмжсэн хатуу ширүүн, нам дамнасан цагаачлалын хуулийн төслөөс татгалзахыг уриалав. Хэрэв сонгогдвол энэ гэрээг сэргээх болно гэж тэр хэлэв. Тэр мөн бичиг баримтгүй цагаачдыг олноор нь албадан гаргахаа амласан. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ нь хууль эрх зүйн сорилтуудтай тулгарах болно.
Гадаад бодлого - Дайны тухай тэд ямар бодлого хэрэгжүүлэх вэ?
Харрис Украиныг дэмжихээ амласан. Хэрэв тэр сонгогдвол "21 дүгээр зууныг манлайлах" өрсөлдөөнд Хятад биш АНУ ялна гэж хэлсэн. Тэрээр израильчууд болон палестинчуудын хооронд эвийг сахиулахын төлөө удаан хугацааны турш тэмцэж ирсэн. Газын зурвас дахь дайныг зогсоохыг уриалж байсан.
Трамп АНУ-ыг дэлхийн бусад орны мөргөлдөөнөөс салгахыг, ангид байлгахыг хүсдэг. Тэр ОХУ-тай хэлэлцээ хийж, Украины дайныг 24 цагийн дотор зогсооно гэж мэдэгдсэн удаатай. Магадгүй дайны санхүүжилтээ зогсоож, ОХУ-д Украиныг сул тавьж өгөх вий гэсэн хардлага бий. Трамп өөрийгөө Израилийг тууштай дэмжигч гэдгээ харуулсан ч Газын зурвас дахь дайныг хэрхэн зогсоох талаар бараг л юм яриагүй.
Худалдаа
Харрис Трампын импортын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах төлөвлөгөөг шүүмжилжсэн. Тэр цахилгаан машин гэх мэт Хятадын зарим импортын бараанд Байден-Харрисын засаг захиргаанаас тогтоосон тарифыг хэвээр үлдээж, импортын татварыг илүү зорилтот түвшинд баримтлах төлөвтэй байна.
Трамп АНУ-ын аж үйлдвэрийн тогтоолцоог хамгаалахын тулд татварын тарифыг кампанит ажлынхаа гол амлалт болгожээ. Тэр гадаадын ихэнх импортын бараанд 10-20 хувийн татвар ногдуулахаа амласан. Энэ нь Хятадаас хамаагүй өндөр татвар гэсэн үг. Тэрбээр мөн компаниудад аж ахуйн нэгжийн татварыг бууруулж, бараа бүтээгдэхүүнээ эх орондоо үйлдвэрлэж багаа нөхцөлд бага татвар авахаа амлаад байна.
Уур амьсгал
Харрис дэд ерөнхийлөгчийн хувиар сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгслийн татварын хөнгөлөлт, бусад хөнгөлөлтийн хөтөлбөрүүдэд хэдэн зуун тэрбум доллар зарцуулсан Инфляцийг бууруулах тухай хуулийг батлахад гар бие оролцсон. Гэвч тэр байгаль орчны мэргэжилтнүүдийн эсэргүүцсэн хий, газрын тос олборлох арга техник болох фракингыг эсэргүүцдэггүй.
Трамп Цагаан ордонд байхдаа цахилгаан станц, тээврийн хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг хязгаарлах зэрэг байгаль орчныг хамгаалах олон зуун арга хэмжээг цуцалсан хүн. Энэ удаа тэр Арктикийн өрөмдлөгийг өргөжүүлэхээ амлаж, цахилгаан машиныг эрс эсэргүүцсэн.
Эрүүл мэнд
Харрис дэд ерөнхийлөгчийнхөө хувиар жороор олгодог эмийн үнийг бууруулж, инсулины үнийг 35 ам.доллароор хязгаарласан.
Трамп харин тодорхой зүйл хэлэлгүйгээр эрүүл мэндийн тогтолцоог сайжруулна гэж хэлсэн. Тэр олон сая хүнийг эрүүл мэндийн даатгалд хамруулахад дорвитой хөдлөхөө амласан. Тэрбээр татвар төлөгчдийн мөнгөөр нөхөн үржихүйн эмчилгээг хүртээмжтэй болгохыг уриалсан ч Конгресс дахь Бүгд найрамдах намынхан үүнийг эсэргүүцэж магадгүй юм.
Хууль дүрэм
Харрис прокурор байсан туршлагаараа Трампын буруутай гэгдэж байгаа гэмт хэргүүдэд дүгнэлт хийхийг оролддог. Тэр зөвхөн өнгөрсөн туршлагаа л ярьдаг гэж хэлж болно.
Трамп хар тамхины бүлэглэлүүдийг устгаж, гэмт бүлэглэлийн хүчирхийллийг дарж, гэмт хэрэг ихээр гардаг Ардчилсан намынхны удирддаг хотуудыг сэргээн босгоно гэж амласан. Тэрбээр сонгуульд саад учруулсан ямарваа нэг тохиолдолд арми эсвэл нөөц хүчин болох Үндэсний гвардийг ашиглана гэж мэдэгджээ.
Галт зэвсэг
Харрис галт зэвсгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийг гол амлалт болгосон. Тэр галт зэвсэг эзэмших тухай хуулиудыг чангатгахыг байнга дэмждэг. Гэхдээ тэр үзэл бодлоо ажил хэрэг болгоход Конгрессын тусламж заавал хэрэгтэй болно.
Трамп өөрийгөө үндсэн хуулиар олгогдсон зэвсэгтэй байх эрхийг хоёр дахь нэмэлт өөрчлөлтийн цор ганц "хамгаалагч" гэж тодорхойлсон. Тавдугаар сард Галт зэвсгийн холбоодод хандан тэрээр өөрийгөө тэдний хамгийн сайн найз гэж хэлсэн.
Марихуан
Харрис марихуаныг зугаа цэнгэлийн зориулалтаар ашиглахыг гэмт хэрэгт тооцохгүй байхыг уриалав. Түүний хэлснээр үүнээс болж хэт олон хүнийг шоронд илгээсэн бөгөөд хар арьст, латин эрчүүдийн баривчлагдсан тоо хэт их байгаа.
Трамп арга барилаа зөөлрүүлж, насанд хүрэгчдийг хувийн хэрэгцээнд зориулан бага хэмжээний марихуан хэрэглэсний төлөө "шаардлагагүй баривчлах, хорих" арга хэмжээг зогсоох цаг нь болсон гэж мэдэгдэв.
Л.Баяр
Эх сурвалж: BBC