Энэ намар Улаанбаатар хотноо нээлтээ хийж үзэгчдийн дунд шуугиан тарьсан “Амьдрахуй” драмын жүжгийг Эрдэнэт хотын үзэгчдэд хүргэх гэж байна. Мөн тус уран бүтээлийг тайзнаа амилуулсан Орфей театр анх удаа Эрдэнэт хотноо уран бүтээлээ толилуулах гэж буй юм.
Орфей театр нь И.В.Гётегийн зохиол “Фауст”, Ф.М.Достоевскийн зохиол “Гэм зэм” постдрамын жүжиг, Бродвэй театрын алдарт бүтээл АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Опал” саркастик мелодрамын жүжиг, Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” кабаре драм, Жорж Оурэллийн “1984” постдрамын жүжиг зэрэг томоохон тайзны бүтээлүүдийг үзэгчдэд хүргэсэн билээ.
Харин тэд энэ удаад хятадын орчин үеийн нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” драмын жүжгийг анх удаа Эрдэнэт хотноо Уурхайчин соёлын ордонд энэ сарын 13-17-ны өдрүүдэд тоглохоор болжээ.
Тус жүжгийн дүрүүдэд МУГЖ Д.Баттөмөр, Д.Ганцэцэг, МУАЖ Г.Мягмарнаран, МУГЖ Б.Нармандах зэрэг олон авьяаслаг жүжигчид тоглож байгаагаас гадна Ерөнхий найруулагчаар М.Батболд, ерөнхий продюсераар Орфей театрын захирал Т.Ариунчимэг нар ажиллаж байна.
“Амьдрахуй” драмын жүжиг нь амьдралын мөн чанарын тухай, нэгэн баян айлын хүү мөрийтэй тоглоомд толгойгоо алдан бүхий л үнэ цэнтэй зүйлсээ алдаж, амиа хорлоход хүргэсэн ч түүнийг даван туулж, амьдралын мөн чанарыг танин ухаарч, амьд байхын үнэ цэн, амьдралын утга учрыг ойлгож буй талаар өгүүлнэ.
Л.Баяр