Өнгөрсөн ням гарагт Испанийн хаан Фелипе, хатан хаан Летизия нар үерийн улмаас 200 гаруй хүн амиа алдсан Валенсиа муждаа айлчилжээ. Энэ үеэр хотын иргэд тэдэн рүү өндөг шидэж, элдвээр харааж зүхэн дургүйцлээ илэрхийлсэн гэнэ.
Хаан Ерөнхий сайд Педро Санчес, мужийн захирагч Карлос Мазон нартай хамт Валенсиа хотын ойролцоох газруудад зочлохдоо "алуурчин" гэх утга бүхий лоозонтой нүүр тулжээ. Учир нь нутгийн иргэд эрх баригчдыг гамшигт хариу арга хэмжээ аваагүй хэмээн буруутгаж байгаа юм. Хамгаалалтын албаныхан нутгийнхны шидсэн зүйлсээс тэднийг хамгаалахын тулд шүхэр ашигласан сурагтай.
Нэгэн оршин суугчтай нүүр тулсан Фелипе тайван байж, цагдаа нар цугларсан хүмүүсийг хянах гэж тэмцэж байх үед түүний яриаг сонсохын тулд өөрийг нь хамгаалж байсан шүхрийг доошлуулжээ. Энэ үед Хатан хаан Летизия нэлээд айсан байдалтайгаар зурагтын камерт өртсөн аж.
Хатан хааны гэр бүлийн олон нийтийн мэдээллийн суваг жагсаалын дараа хаан, хатан хоёрын бухимдсан оршин суугчдыг тэвэрч буй дүрс бичлэгийг нийтэлжээ.
Испанийн хаан ийм догшин уур хилэнг ойроос харах нь ер бусын зүйл юм. Фелипе бол эцгийгээ огцруулсны дараа хаан ширээнд заларсан харьцангуй алдартай хүн. Хаан эмх замбараагүй байдлыг үл хайхран үлдэхийг эрмэлзэж байв. Харин Мазон, Санчес нар нөхцөл байдлаас даруй зугтахыг оролдсон нь олны бухимдлыг бадраажээ.
Аюулгүй байдлын протоколын дагуу Ерөнхий сайдыг авч явсан гэж Санчесийн ажлын албаны мэдэгдэлд дурджээ. Үерийн улмаас 214 хүн амиа алдсан нь тогтоогдсон бөгөөд хохирогчдын тоо нэмэгдэж магадгүй байна.
Л.Баяр