АНУ-ын ерөнхийлөгчийн ээлжит сонгууль арваннэгдүгээр сарын эхний Мягмар гарагт болдог уламжлалтай билээ. Тодруулбал, АНУ-ын 60 дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт Вашингтоны цагаар арваннэгдүгээр сарын 5-нд, Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 6-нд явагдана.
Дэлхийн хамгийн хүчирхэг гэгддэг энэ улсын ирээдүй хэний гарт очих эсэх нь дэлхийн нийтийн анхаарлын төвд шилжээд буй. АНУ улс нь улс төрийн олон намын тогтолцоотой ч, Ерөнхийлөгчийн сонгуулийн гол өрсөлдөөн Бүгд найрамдах нам болон Ардчилсан намын дунд өрнөдөг. Хоёр намын лидерүүд засгийн эрхийг ээлжлэн барьж иржээ.
Камала Харрис, Доналд Трамп нарын дунд өрнөж буй ширүүн өрсөлдөөн хэнийх нь ч ялалтаар өндөрлөж магадгүй. Гэвч сошиал орчинд цацагдсан сонгуулийн уулзалтын дүрс бичлэг, дэлхийн дахинд өрнөж буй дайны нөхцөлд АНУ-ын байр суурь чухал байгаа энэ цаг үед Камала Харрисыг үзэл бодол олонхын санал авахад нь тусаа өгч болзошгүй гэх ажиглагчдын дүгнэлтийг дэлхийн томоохон сайтууд онцолж байна. Гэвч АНУ-ын тусгай сурвалжлагчид ерөнхийлөгч асан Д.Трампыг гол тулааны талбар болох долоон мужаас зургаад нь ялна гэж бодож байна.
Камала Харрис нь 2020 оны сонгуульд ялалт байгуулсан Жо Байдены хүн бөгөөд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн албыг хашсан анхны хар арьст, эмэгтэй хүн болсон билээ.
Сонгуулийн компанит ажил эхэлсэн жилийн өмнөөс Жо Байден Д.Трампын эсрэг зогсож байсан ч хэдэн сарын өмнө нэрээ татаж, өөрийн оронд К.Харрисыг өрсөлдүүлэх шийдвэр гаргаж байв. Уг шийдвэр нь ч байндаа тусах эсэхийг бид удахгүй үзнэ.
Л.Баяр