Манчестер Юнайтед болон Атлетико Мадрид клубийн довтлогч асан Диего Форлан 11 дүгээр сард төрөлх Уругвай улсдаа болох талбайн теннисийн тэмцээний мэргэжлийн тамирчин болох гараагаа эхлэх гэж байна.
2019 онд хөл бөмбөгийн спортоо орхисон, өдгөө 45 настай тэрбээр арваннэгдүгээр сарын 11-нээс арваннэгдүгээр сарын 17-ны хооронд болох Уругвайн нээлттэй тэмцээнд эрэгтэй ганцаарчилсан төрөлд 101 дүгээр байрт бичигдэж буй Федерико Кориатай хамтран хосын төрөлд тоглох юм.
Нэгэн цагт АНУ-ын нээлттэй тэмцээний аварга болж байсан Хуан Мартин дель Потрогийн түрүүлж байсан энэ тэмцээн нь теннисний тэмцээний хоёрдугаар шат болох ATP Challenger Tour-ийн нэг хэсэг юм.
Форлан мэргэжлийн 22 жил хөлбөмбөг тоглохдоо Премьер лиг, Копа Америк, Европын лиг зэрэг бусад цомуудын тэмцээнүүдэд бахдам амжилт үзүүлсэн. Тэрбээр мөн 2010 онд Өмнөд Африкт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогч, шилдэг мэргэн буучаар шалгарч, тивийн шилдэг лигт мэргэн буучдад олгодог Европын алтан шаахайг хоёр удаа хүртэж байв.
Өнгөрсөн жил теннисний тэмцээнд оролцож эхэлсэн тэрбээр сүүлийн үед ITF-ийн Мастерс тэмцээнд 45-аас дээш насны ангилалд оролцож, дэлхийн чансааны 108-д бичигдэж байна.
Л.Баяр
Сэтгэгдэл (1)