Францын Парис хотод болсон зуны паралимпын наадамд түрүүлж, төрийн дууллаа эгшиглүүлсэн Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав таеквондогийн төв байгууллагын хамгийн нэр хүндтэй шагналын эзэн болжээ.
Тодруулбал, Дэлхийн таеквондогийн төв байгууллагын Куккивоны шагналаар У.Сүрэнжавыг шагнасан байна. Мөн Монголын таеквондогийн холбооны дэд ерөнхийлөгч Л.Цэнгүүнжавыг энэ спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсных нь төлөө дээрх шагналыг олгожээ.
Дэлхийн таеквондогийн төвийн ерөнхийлөгч И Дун Соп шагнал гардуулахдаа, “Дэлхий дахинд 300 сая хүн таеквондогоор хичээллэж байгаа. Энэхүү спортоор Монгол Улс олимпын алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Бид уг спортын хөгжилд оруулж байгаа та бүхний хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, нэр хүндтэй шагналаа олгож байна” гэв.
Дэлхийн таеквондогийн төв байгууллага нь 1972 онд байгуулагдсан бөгөөд Сөүл хотод байрладаг таеквондогийн зэрэг дэв дан олгодог дээд удирдах байгууллага юм.