Монголбанк, Шпаркассэ банкны Монгол дахь сан, Монголын банкны холбоо болон Банк санхүүгийн академи хамтран хэрэгжүүлж буй Шинэ банкирын онол, практик хосолсон сургалтын төгсөгчдөд харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2024.10.15/ болж, тус сургалтад хамрагдсан 4 банкны 70 гаруй ажилтан батламжаа гардан авлаа.
Батламж гардуулах ажиллагааг нээж, Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван үг хэлэв. Мөн ХБНГУ-ын Элчин сайдын яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн хэлтсийн дарга У.Вебер, Монголын банкны холбооны дэд ерөнхийлөгч Б.Үүрцайхбаатар, Германы Шпаркассэ банкны сангийн Гүйцэтгэх захирал Н.Бергман, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох, Банк санхүүгийн академийн Гүйцэтгэх захирал Г.Бумчимэг үг хэлж, төгсөгчдөд баяр хүргэлээ.
Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний сургалтыг Монголбанк, Монголын банкны холбоо, Германы Шпаркассэ банкны Монгол дахь сантай хамтран 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2022 оноос хойш Шинэ банкирын онол практик хосолсон сургалт нэртэйгээр шинэчилж, банкны ажилтны мэргэжлийн үндсэн ур чадварыг дээшлүүлж, чадавхжуулан хөгжүүлсээр байна. Өнөөдрийн байдлаар тус сургалтад хамрагдсан суралцагчдын тоо 624-т хүрээд байна.
Монгол Улсын Төв банкнаас олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, сургалт, хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор банкны салбарын ажилтнуудад тавигдах нэгдсэн суурь шаардлагын жишгийг баталсан байдаг. Энэхүү жишиг шаардлагыг хангуулах зорилтын хүрээнд банкны ажилтнууд олон улсын түвшний онол, практик хосолсон сургалтад хамрагдсанаар банкны үйлчилгээг иргэдэд илүү ойлгомжтой, хялбараар хүргэх, улмаар харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалж, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах ач холбогдолтой юм.