Театрын тайзнаа цоо шинэ уур амьсгалыг урлаж, сонгодог зохиолуудыг амилуулдаг “Орфей” театрын хамт олон энэ удаад хятадын нэрт зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн ижил нэрт драмын жүжгийг үзэгчдэд хүргээд байгаа билээ.
Улаанбаатар хотноо намар цагийн хамгийн анхны театрын үзвэр болж нээлтээ хийсэн тус жүжиг хөшгөө нээсэн цагаас эхлэн үзэгчдийн дунд тасралтгүй шуугиан тарьж буй. Жүжгийн гол дүрүүдэд МУГЖ Д.Баттөмөр, Д.Ганцэцэг нар тоглосон бөгөөд олон уран бүтээлчид багтсан нүсэр багийн нягт хамтын ажиллагааг бид тайзнаас харсан. Мөн тус жүжгийн найруулагчаар М.Батболд, ерөнхий продюсераар Т.Ариунчимэг нар ажиллаж байна.
Харин үзэгчдэд амьдрах эр зориг, хайрлах хүлцэхийн дэнсийг ухааруулж, драмын онцлог, театрын соёлыг мэдрүүлсэн тус жүжиг нь нийт 1.2 тэрбум төгрөгөөр бүтжээ.
Маргааш буюу 10-р сарын 15-ны өдрийн 15:00 (Соёлын Төв Өргөөнд) цагаас жүжгийн багийнхан “Амьдрахуй” жүжгийн эргэн тойронд өрнөж буй асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
“Амьдрахуй” драмын жүжиг Соёлын Төв Өргөөний тайзнаа өдөр бүр 19:00 цагаас тоглогдож байна.
Л.Баяр