Намар-өвөл 2024 улирлын загварын шоунуудад үзэгдсэн онцлох трендүүдийг танилцуулж байна.
ЭЛЕГАНТ СТИЛИ
Загварын ертөнцөд тохиож буй хамгийн том өөрчлөлтүүдийн нэг бол элегант, эмэгтэйлэг хувцаслалтын шинэ эринд шилжиж буй явдал юм. Хэдхэн улирлын өмнө л бид тод неон өнгө, кроп топ, карго өмд давамгайлсан Y2K гоо зүйн сэргэн мандалтыг харж байсан бол одоо загварын тайзыг орчин үеийн хэв маягт оруулсан гламур стиль эзэгнэж эхлээд байна. Үүнийг 1950-1960-аад оны Холливүүдийн одод, тэр дундаа домогт Труман Капотын “Хунгуудын” стилиэр (Feud: Capote vs. The Swans цувралд дүрслэгдсэн шиг) төсөөлөхөд болно. Жишээ нь Christian Dior-ын элсэн цаг хэлбэртэй алдарт “Bar” жакет, А силуэттэй хормой, Живаншигийн Одри Хепбернд зориулж урласан үдшийн даашинзнууд, арьсан урт бээлий гэхчлэн мөнхийн сонгодог загваруудыг дизайнерууд шинэчлэн урлаж байна. Тэдгээрээс дурдвал намар-өвөл 2024 улиралд Prada, Altuzarra, Carven, The Row, Dior зэрэг брэндүүд алтан үеийн Холливүүдээс урам авсан хайпер глэм загваруудыг харуулсан юм.
УСНЫ УРСГАЛ ШИГ ЗӨӨЛӨН, ХУЛДААС МЭТ ГЯЛГАР
Хэсэгтээ л рокерууд болон байкеруудын гоёлд тооцогдож ирсэн савхин загварууд шик бүсгүйчүүдийн шүүгээ рүү шилжээд удаж буй. Мэдээж хэрэг савхин эдлэлүүд сэрүүний улирал ормогц тренд болж эхэлдэг ч энэ жил маш зөөлөн, усны урсгал мэт туялзсан аль эсвэл хулдаас мэт гялалзсан тансаг арьсаар хийсэн төрөл бүрийн загварууд эрэлттэй байх болно. Жишээлбэл Tod’s, Proenza Schouler, Bottega Veneta, Bally, Gucci, Ferragamo, Valentino орднууд яг ийм материалтай даашинз, юбка, хүрэм, зэргийг төрөл бүрээр нь шинэ цуглуулгадаа багтаажээ.
БОХО ШИКИЙН СЭРГЭН МАНДАЛТ
Олон төрлийн “core” гоо зүй дэлгэрч, ихэнх трендүүд TikTok-оос улбаалж байгаа дижитал эринд чиг хандлага бүрээс хоцрохгүй байна гэдэг амаргүй. Аз болж намар-өвөл 2024 улирлын хамгийн гол тренд TikTok-оос бус харин шууд загварын тайзнаас ирж байна. Chloé загварын ордны бүтээлч захирал Чемена Камали өөрийн дебют цуглуулгаараа 2000-аад оны загварыг тодорхойлж байсан бохо шик хэв маягийг эргүүлэн авчирчээ. Ингэхдээ тэрээр усны урсгал мэт намирсан силуэт, цацаг, унжлагатай загваруудыг илүү орчин үеийн өнгө аясад хөрвүүлсэн байна. Нэвт гэрэлтсэн цацагтай даашинзнууд, оверсайз нарны шилнүүд, савхин болон хилэн жакет, өвдөг давсан урттай гутлууд, багтаамж сайтай, зөөлөн арьсаар хийгдсэн цүнхнүүд загварын тайзнаа танилцуулагдсаны дараахан Chloé брэндийн борлуулалт огцом өсөж, улмаар Белла Хадид, Сидни Суини, Дейзи Эдгар Жонс тэргүүтэй алдартнууд уг цуглуулгыг өмсөн бохо шик хэв маягийг түгээн дэлгэрүүлсээр байгаа юм.
ДЕНИМ, БАС ДАХИН ДЕНИМ!
Улирлаас улиралд дизайнерууд янз бүрээр загварчилж, хамгийн их тоглолт хийдэг материал бол деним. Харин энэ намар-өвлийн улиралд тэд “их байх тусмаа сайн” гэсэн дүрмийг баримталсан бололтой. Жишээ нь нэг төрхөд юбка, цамцнаас эхлээд хүрэм хүртэлх хоёр, бүр заримдаа гурван төрлийн жийнсэн загварыг багтаасан total look Christian Dior, Carolina Hererra, Miu Miu, Zimmerman гэхчлэн брэндүүдийн цуглуулгад харагдсан юм.
ХАА САЙГҮЙ ҮСЛЭГ ЭДЛЭЛ
Өнгөрсөн өвөл тренд болж байсан Mob wife буюу "дээрэмчний эхнэрийн стиль" эргэн ирлээ. Тэр дундаа яг л “Sex and the City”-гийн Керри Брэдшоу эсвэл The Sopranos цувралын Кармелагийн өмсдөг шиг сонгодог загвартай хиймэл үслэг хүрмүүдийг Jil Sander, Bottega Veneta, Tom Ford зэрэг орднууд танилцуулснаар энэхүү загвар нь улирлын гол чиг хандлагуудын нэгт тооцогдож байна. Нөгөөтээгүүр сүлжмэл, унжлагатай, тод өнгөтэй, хөвсгөр силуэттэй гэхчлэн өнгө, бүтцийн хувьд илүү сонирхолтой хувилбаруудыг Gabriela Hearst, Tory Burch, Stella McCartney, Ulla Johnson болон бусад брэндийн намар-өвөл 2024 улирлын цуглуулгуудаас харах боломжтой.
Сэтгэгдэл (144)