Аргентины шүүх өнгөрсөн даваа гарагт Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро болон Дотоод хэргийн сайд Диосдадо Кабелло нарыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгаж, баривчлах шийдвэр гаргажээ. Өмнө нь мөн ижил шийдвэр гаргасан боловч гомдлыг хэрэгсэхгүй болгосон удаатай.
Венесуэлийн ачааны онгоцыг Аргентины нутаг дэвсгэрт саатуулж, АНУ-д хүргэсэнтэй холбоотой маргаан хоёр улсын хооронд үүсээд буй. Тус онгоцыг Ираны хоригт хамрагдсан агаарын тээврийн компани Венесуэлийн төрийн өмчит компанид зарсан гэж АНУ мэдэгджээ.
Энэхүү маргаантай давхцан Венесуэлийн Дээд шүүх Аргентины ерөнхийлөгч Хавьер Милейг баривчлах тушаал гаргасан. Энэхүү тушаалаас хэдхэн цагийн дараа Аргентин хариу арга хэмжээ авсан нь энэ юм.
Хавьер Милей Аргентины засгийн эрхийг гартаа авснаас хойш хоёр улс хурцадмал харилцаатай байгаа билээ. Энэ удаагийн шийдвэр нь хурцадмал байдлыг улам гааруулах төлөвтэй байна.
Дотоод хэргийн сайд Диосдадо Кабеллог ерөнхийлөгч Николас Мадурогийн баруун гар гэдэг. Тэднийг 2014 оноос хойш Венесуэльд хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж нэхэмжлэгчид үзжээ. Үүнд, хүмүүсийг хэлмэгдүүлсэн, албадан алга болгосон, эрүү шүүлт тулгасан, аллага үйлдсэн, тэрс үзэлтнүүдийг мөрдөн хавчсан зэрэг багтана.
Л.Баяр
Сэтгэгдэл (7)