Даваа гарагт Ливан дахь хэт даврагч Хезболла бүлэглэл рүү чиглэсэн Израилын агаарын довтолгоо нь 500 орчим хүний аминд хүрч, 1600 хүнийг шархдуулаад байна. Энэ нь тус улсын хувьд сүүлийн хорин жилд болсон хамгийн том дайралт байв.
Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Ливаны ард түмэнд хандан, Израиль Хезболлагийн байрлалыг онилсон. Гэвч энэ явдал нь Ливаны ард түмэнтэй бус Ираны дэмжлэгтэй уг бүлэглэлтэй дайтаж байгаа явдал гэж хэлээд буруу замаас зайлсхийхийг уриалжээ.
"Катар улс Ливанд хийсэн Израилын түрэмгийллийг эрс буруушааж байна" гэж Катарын ГХЯ мэдэгдээд бүс нутагт хүчирхийллийн хүрээг тэлэхээс сэрэмжлүүлэв. "Энэ бодит байдал нь хямралыг улам хурцатгаж, бүс нутгийг ангалын ирмэг дээр тавьж, бүс нутаг болон олон улсын хэмжээнд гүнзгий нөлөө үзүүлэх хурцадмал байдалд хүргэж байна" гэж тус яам мэдэгдэв.
Египет улс Ливантай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж, Ливаны тусгаар тогтнол болон нутаг дэвсгэрт нь халдсан аливаа үйлдлээс эрс татгалзахаа мэдэгдэв.
Өргөн хүрээг хамарсан мөргөлдөөнийг намжаахын тулд олон улсын дипломат дарамтыг яаралтай үзүүлэхийг хоёр улс уриалж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хүрэх хүчин чармайлтыг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
Катар, Египет, АНУ-ын хамт Газад гал зогсоох хэлэлцээр болон зэвсэгт бүлэглэлийн барьцаанд байсан Израилийн иргэдийг суллах талаар Израиль, Хамас хоорондын яриа хэлэлцээг зуучилж байгаа юм.
Л.Баяр