Монголбанкны Хяналтын зөвлөл (МБХЗ)-ийн ээлжит хурал 2024 оны 9-р сарын 19-ний өдөр боллоо. Хурлаар Монголбанкны Дотоод аудитын газар (ДАГ)-ын 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайланг сонслоо.
Тайлант хугацаанд тус газар төлөвлөгөөт 12 ажил, үүнд үнэт металл худалдан авалт, төсвийн, нягтлан бодох бүртгэлийн, банкны эрх хүлээн авагчийн түүнчлэн зарим салбарын үйл ажиллагаанд аудит болон хэсэгчилсэн шалгалт хийж, зайнаас хяналт тавих ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Зарим аудитын үр дүнгээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 7 удаагийн тушаал гаргуулан шийдвэрлэж, хэрэгжилтийг нь хангуулж буй талаар ДАГ-ын захирал танилцуулав.
Монголбанкны Хяналтын зөвлөлийн зүгээс тайлан мэдээлэлтэй танилцаад, гүйцэтгэсэн зарим ажлын үр дүнг тодорхой тоо баримтаар баталгаажуулан 3 долоо хоногийн дотор дахин танилцуулахыг үүрэг болгов. Тухайлбал, ДАГ-аас аудит, шалгалт хийсэн “Хадгаламж банк” ХХК, “Капитал банк” ХХК, “Зоос банк” ХК дахь эрх хүлээн авагч томилсон өдрийн байдлаар хэдий хэмжээний авлага, өглөгтэй байсныг, 2024 онд аудит хийсэн өдөр хүртэлх хугацаанд хэрхэн багасгаж, барагдуулсныг банк тус бүрээр жил бүрээр, өссөн дүнгээр дэлгэрэнгүй гаргаж МБХЗ-д ирүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Түүнчлэн аудитын шалгалтаар ямар ололт, дутагдал, эрсдэл гарсан, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн болохыг танилцуулахыг хүслээ. Мөн Монгол улсын гадаад өр, төлбөр түүний барагдуулалт, үйл ажиллагааны явц болон гадаад хөрөнгө оруулалтын багц, хөрөнгө оруулалтын бодлогын үр дүн, санхүүгийн зарим нөөц хөрөнгийн удирдлагын талаар мэдээлэл сонслоо.
Монголбанк, Хятадын ардын банк хооронд байгуулсан валют солилцох хэлцлийн дүнгээр 2011-2016 оны хооронд үүссэн өрийг 2023 оноос барагдуулж эхэлсэн, түүний хүүний хэмжээ тодорхой хэмжээгээр буурсныг МБХЗ нааштай үнэлж, сайшаалаа. Гэхдээ улсын нийт өрийн хэмжээ их, зээлийн үйлчилгээний төлбөр болон ногдол ашиг, техникийн үйлчилгээний зэрэг валютын зардал нэмэгдэж, гадаад худалдааны ашигтай зөрүүг бүрэн “идэж” дуусгаж байгаа, мөн гадаад зээлийн хүү өссөн зэргийг анхааралдаа авч, өр нэмэхгүй байх, экспортыг нэмэгдүүлэх, импорт орлох, дотоодын нийлүүлэлт өндөртэй төсөл, хөтөлбөрийг эхний ээлжинд хэрэгжүүлэх, гадаад худалдааны ачааны тээврийн зардлыг багасгах, валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэгт чиглэсэн арга хэмжээг дэмжиж ажиллахыг МБХЗ-өөс Монголбанканд зөвлөмж болгов.
Цаашид Монголбанк нь төлбөрийн чадварыг дээшлүүлэх, чанаргүй актив, алдагдлыг багасгах, удирдлагын хэмжээнд хөндлөнгийн хяналтыг бий болгон чангаруулах, Төв банкны зохистой засаглалыг бий болгох, үйл ажиллагаандаа нийтийн санхүү, татвар төлөгчдөд дарамт үзүүлэхгүй байх Үндэсний эрх ашгийг хамгаалах зарчмыг баримталж ажиллахыг Хяналтын зөвлөлийн хурлаас цохон тэмдэглэв.
Эцэст нь Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн төсөлд өгсөн ОУВС-ийн зөвлөмжийн хэрэгжилт болон Монголбанкны Хяналтын зөвлөлийн ажиллах журмын нэмэлт өөрчлөлтийн талаар гишүүд саналаа солилцож Монголбанкны холбогдох газрын удирдлагуудад хүргэсэн саналын талаар дахин авч үзэхээр тохиров.