Фитч агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+” төлөвийг “Тогтвортой” болгож шинэчилснээ 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр зарлав. Тус байгууллага манай улсын зээлжих зэрэглэлийг 2015 онд “В+” үнэлгээнээс “В” үнэлгээтэй болгож бууруулсан ба үүнээс хойш анх удаа үнэлгээг “В+” болгон нэмэгдүүллээ. Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээшлүүлэхэд дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн талаар дурдсан байна.
Үүнд:
- Уул уурхайн салбарын эрчимтэй тэлэлтийн үеийн нөөц бүрдүүлэлт: Уул уурхайн салбарын өсөлт төсөөллөөс давж, улсын секторын гадаад өрийн дарамт буурсан нь зээлжих зэрэглэлийг ахиулах гол үндэслэл боллоо. Хэдийгээр гадаад нөхцөл байдлаас өндөр хамааралтай хэвээр байгаа боловч гадаад валютын нөөц нэмэгдэхийн зэрэгцээ гадаад өрийн түвшин буурч, эргэн төлөлтийн хуваарь илүү уян хатан болсноор Монгол Улсын эдийн засгийн эрсдэл даах чадвар сайжирсан гэж үзжээ. Мөн УИХ-ын сонгуулийн дараагаар бодлогын тодорхой бус байдал буурсан.
- Уул уурхайн салбар дагасан өсөлт: Фитч агентлагийн төсөөллөөр нүүрс, зэсийн олборлолтын өсөлт болон уул уурхайн бус салбарын өсөлтийн нөлөөгөөр Монгол Улсын эдийн засаг 2024-2026 онд дунджаар 6 хувийн өсөлт үзүүлэх хүлээлттэй байна. Энэ нь бусад “B” зээлжих зэрэглэлтэй орнуудын дундажтай харьцуулахад 2 нэгж хувиар өндөр үзүүлэлт юм. Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа 2023 оны 3 дугаар сард эхэлж, олборлолт 2025 оноос нэмэгдэх хүлээлттэй байна. Түүнчлэн, төсвийн тэлэх бодлогын нөлөөгөөр дотоод эрэлт нэмэгдэж байна. Бусад уул уурхайн болон дэд бүтцийн төслүүд нь дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тэтгэхээр байна.
- Төсвийн алдагдал бага байна: Фитч агентлагийн зүгээс 2024 онд төсөв харьцангуй тэнцвэртэй байж, 2025-2026 онд дунджаар 3 хувийн алдагдалтай байхаар тооцоолж байна. Энэхүү үзүүлэлт нь бусад “В” үнэлгээтэй орнуудын голчтой ойролцоо байна.
- Төсвийн хурдацтай тэлэлт: Засгийн газраас 2024 онд төсвийн орлого 26 хувиар, төсвийн зарлага 36 хувиар тус тус өсөхөөр тооцоолж байна. Түүнчлэн, 2024 оны тодотгосон дүнтэй харьцуулахад 2025 онд төсвийн орлого 20 хувиар, зарлага 17 хувиар тус тус өсөхөөр тооцоолсон байна. Фитч агентлагийн зүгээс төсвийн орлогын дээрх төсөөлөл нь хэт өөдрөг буюу тус агентлагийн төсөөллөөс өндөр, хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь амбицтай байгаа талаар дурдсан байна.
- Өрийн түвшин тогтворжиж, тулгамдсан эргэн төлөлтгүй болсон: Сүүлийн жилүүдэд хурдацтай буурч буй Засгийн газрын өр 2024 оноос эхлэн ДНБ-ий 44 хувь орчимд хадгалагдана гэж төсөөлж байна. Төсвийн шинэ дүрэмд өрийн таазыг нэрлэсэн ДНБ-ий хувиар илэрхийлэхээр тогтож, цаашид хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг илүү ашиглах, төсвийн ашгаар ДНБ-ий 2 хувьтай тэнцэх хэмжээний гадаад өрийг жил бүр төлөхөөр тусгасан. 2025 онд 400 сая ам.доллар, 2026 онд 1 тэрбум ам.долларын Засгийн газрын өрийн эргэн төлөлтүүд хийгдэхээр байна.
- Засгийн газрын хуримтлал: Засгийн газар ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний хуримтлал үүсгээд байна. Үүний дийлэнх хэсгийг Ирээдүйн өв сан болон Төсвийн тогтворжуулалтын сангийн хуримтлал бүрдүүлж байгаа бөгөөд Төв банкны нөөцийг нэмэгдүүлж байна.
- Урсгал дансны тэнцэл, ГВУН нэмэгдсэн: Фитч агентлагийн зүгээс дотоод эрэлтийн нөлөөгөөр урсгал дансны алдагдал 2024 онд ДНБ-ийн 6 хувьд, 2025-2026 онд ДНБ-ийн 7 хувьд байхаар тооцож байна. Энэ нь бусад “В” үнэлгээтэй орнуудтай харьцуулахад өндөр байгаа боловч энэхүү алдагдлыг гадаадын шууд хөрөнгө оруулалт нөхөхөөр байна. 2023 онд урсгал данс ашигтай гарснаар Монголбанк ГВУН-ийг нэмэгдүүлж, 8 дугаар сарын байдлаар 4.8 тэрбум ам.долларт хүрээд байна. Монголбанк Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн төлбөрөөс барагдуулж, улмаар 2022 оны 8 дугаар сард 500 сая ам.доллар байсан цэвэр нөөц 2024 оны 7 дугаар сард 3.7 тэрбум ам.долларт хүрч нэмэгдсэн.
- Мөчлөг дагасан тэлэх бодлого: 2024 онд уул уурхайн бус төсвийн тэнцлийн алдагдал уул уурхайн бус нэмэгдсэн өртгийн (gross value added) 10 хувьд, 2025 онд 13 хувьд хүрч нэмэгдэнэ гэж төсөөлж байна. Төсөв тэлж, зээл олголт эрчимтэй нэмэгдэж байгаа ч Монголбанкны зүгээс бодлогын хүүг 9 дүгээр сард 10 хувь болгож буурууллаа. Монголбанк заавал байлгах нөөцийг нэмэгдүүлж, бусад макро зохистой бодлогыг хэрэгжүүлж байгаа бөгөөд Фитч агентлагийн зүгээс инфляцыг Монголбанкны зорилтын дээд хязгаар 8 хувь орчимд хадгалагдана гэж хүлээж байна.
- Бүтцийн үзүүлэлтүүд сайн: Монгол Улсын Дэлхийн банкны засаглалын үзүүлэлтүүдэд сайн байна. Уул уурхайн салбарын өсөлтийн нөлөөгөөр нэг хүнд ногдох ДНБ өсөж, бусад “В” үнэлгээтэй орнуудаас өндөр байна. УИХ-ын сонгуулиар МАН дийлэнх саналыг авч, хамтарсан Засгийн газрыг байгуулсан ч Засгийн газрын бодлого хэвийн үргэлжилнэ гэж харж байна.