Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Баяраатай ярилцлаа.
ДӨРВӨН ЖИЛИЙН ОЛИМПЫН ЦИКЛЫГ ХОЁРХОН ЖИЛД БАГТААХ ГЭЖ ШИГШЭЭ БАГИЙН БАГШ НАР ХИЧЭЭСЭН
-“Олимпын наадам-биеийн тамир, спорт-шинжлэх ухаан” сэдэвтэй хэлэлцүүлэг саяхан болсон. Энэ хэлэлцүүлэгт Та оролцсон уу?
-Оролцсоон. Олимпод явсан хоёр гурван л хүн оролцсон.
-Таныг нэлээд хатуухан шүүмжлэл хэлсэн гэж сонссон учраас ярилцлах хүсэлт тавьсан юм аа. Манай монголчуудын шимтэн үздэг, бас олимпын медалийн тааварт оруулж байдаг ТОП-4 төрлийн нэг бол чөлөөт бөх. Харамсалтай нь Парис-2024 наадмаас олимпын медалиас атгаад л алдлаа. Алдаа хаанаа байв?
-Их л урт яриа болно доо. Цаг хугацааны дараалалтай ярих гээд үзье. Аливаа олимп дууссаны маргаашаас л дараагийн олимп эхэлж байдаг. Олимпын ганцхан жилд биш, бүтэн дөрвөн жилийн циклээр олимпын наадамд бэлддэг. Гэтэл Парисын олимпод бол үндсэндээ хоёр жилийн хугацаанд л Чөлөөт бөхийн холбоо бэлдсэн. Уг нь олимп дууслаа, дараагийн олимпод бэлдэж эхлэх ёстой байдаг юм. Аливаа юм багтаамжтай байдаг. Олимпын дөрвөн жил тус бүрдээ өөр өөрийн онцлогтой, нарийн төлөвлөгөөний дагуу шинжлэх ухаанчаар баг тамирчдаа бүрдүүлж, дасгалжуулж тэгж байж оролцдог. Гэтэл манайхан хэрэлдэж уралцсаар байгаад 2022 оны гурав, дөрөвдүгээр сард олимп эхлэхээс ердөө хоёрхон жилийн өмнө шигшээ багийн дасгалжуулагчдаа сонгон шалгаруулах журмаа гаргаад шалгалтаа зарласан. Хугацаа ингэж хоцорсон нь эхний алдаа. Ерөнхий сайдын захирамжаар Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх журам гаргаад сонгон шалгаруулалт зарласан. Хугацаа хоцорсон ч гэсэн маш сайн шалгууруудтай, нарийн зааж өгсөн тийм журмаар уг нь сонгон шалгаруулалтыг явуулах байсан. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчийн багийг бүрдүүлэхдээ нэгдүгээрт, биеийн тамирын сургуулийг бакалавр болон түүнээс дээш цолтойгоор төгссөн байх, хоёрдугаарт, хувийн ёс зүйн манлайлалтай, мэргэжлийн ёс зүйн өндөр зэрэглэлийн тамирчидтай ажилласан туршлагатай байна гэх зэргээр шалгуур тавьсан. Шалгаруулалтад оролцох дасгалжуулагч багшийн хувийн ур чадвараас гадна бэлтгэсэн тамирчдын амжилтын өсөлт зэргийг харгалзан үзэх тийм шалгуур байсан гэсэн үг.
Дээрээс нь нэмээд мэргэжлийн ур чадвар, хэлний мэдлэг, компьютерын мэдлэг зэрэг маш олон үзүүлэлтүүдээр шигшээ багийн дасгалжуулагчийг сонгон шалгаруулахаар журамласан байсан. Дасгалжуулагчийн ажил гэдэг бол маш нарийн төлөвлөгөөтэй, шинжлэх ухаанчаар, судалгаан дээр суурилж хийдэг ажил гэдгийг үргэлж ярьж хэлж байдаг хүний хувьд энэ сонгон шалгаруулах журамд сэтгэл хангалуун байсан, тэгээд ч өөрөө шалгаруулалтад оролцсон. Сургалт дасгалжуулагчийн онол арга зүй гэдэг бол спортын анагаах ухаантай салшгүй холбоотой байдаг, бүх зүйл нарийн төлөвлөгөө, судалгаан дуур суурилдаг гэдгийг байнга ярьдаг хүний хувьд ийм журмаар сонгон шалгарлуулалт явуулна гэхээр нь маш их баярласан.
-Сонгон шалгаруулалт Таны бодсончлон шударга явагдаж чадсан уу?
-Энэ сонгон шалгаруулалтад би хамгийн өндөр оноо авсан байдаг юм. Тэгээд Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд орж ажилласан.
-Хамгийн өндөр оноо авсан нь ахлах дасгалжуулагч болдог уу?
-Тэр журамд онооны эрэмбэ дараагаар сонгох тухай үг өгүүлбэр байсан эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч л байсан би ахлах дасгалжуулагч болоогүй. Шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд ороод туслах дасгалжуулагчаар ажилласан. Тухайн үед би бодож байгаа юм, за яахав ээ, шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд ороод мэдлэг чадвараа шавь нартаа зориулж байвал л боллоо гэж бодсон. Ер нь сонгон шалгаруулалтаас эхлээд л өнөөдрийг хүртэлх бүх хугацаанд би бүхнийг хойш тавьж, бүхнийг хүлээн зөвшөөрч чимээгүй ажилласан. Сонгон шалгаруулалтын дараа намайг хэлгүй усгүй, компьютерын мэдлэггүй гээд яриа гарсан байна лээ. Би бол Орост мэргэжлийн сургуулийг нь дүүргэсэн, доктор хүн. Орос хэлээр чөлөөтэй, солонгосоор ярианы төвшний мэдлэгтэй, англиар мэргэжлийн үг хэллэгээрээ ойлголцоод тэмцээн уралдаанд шавь нараа аваад явчих хэмжээний. Бусдаас дутуу нэг л юм байна. Тэр маань дарга цэргийн үүд сахиж чаддаггүй. Сонгон шалгаруулалт болохоор л дарга цэргийн үүд сахьсан баахан хүмүүс гараад ирдэг, гэтэл мань мэт нь тийм зан байхгүй. Спорт бол ар өврийн хаалга, танил тал, мөнгө төгрөгөөр хэмжигдэхгүй зүйл гэж боддог учир тэгж ч явахгүй. Тамирчныг дасгалжуулаад амжилтад хүргэнэ гэдэг мэргэжлийн маш өндөр ур чадвар шаарддлаг л ажил.
-Сонгон шалгаруулалтад заасан яг тэр журмын дагуу шигшээ багийн дасгалжуулагч нарыг бүрдүүлж чадсан уу?
-Журмаа зөрчсөн, би өөр юу хэлэх вэ. Шигшээ багийн дасгалжуулагч нар ил шүү дээ. Сонгон шалгаруулалтад заасан журам ч бас ил байгаа. Яг тэр журамд заасан Биеийн тамирын сургуулийг бакалавраар төгссөн хүн байна уу, үгүй юү гээд харчихад л ил болох зүйл... За ингээд ямар ч байсан шигшээ багийн багш дасгалжуулагчаа бүрдүүлээд авч байгаа юм. Олимп болохоос хоёрхон жилийн өмнө гэдгийг түрүүнд би хэлсэн. Дахиад хэлье. Аливаа юм багтаамжтай. Олимпын дөрвөн жил жил бүр өөрийн зорилготой төлөвлөлттэй байдаг. Шинжлэх ухаанч, судалгаа шинжилгээтэй ажилладаг улс оронд бол эхний жилдээ тамирчдын нөөцийг судлах, дээрээс нь тамирчдын ур чадвар эрүүл мэндийг бүгдийг нь шалгаж улсын шигшээ багийг бүрдүүлдэг. Хоёр дахь жилдээ улсын шигшээ багт орж ирсэн тамирчдын мэргэжлийн ур чадвар, ачаалал даах чадваруудыг дэлхийн стандартын хэмжээнд хүргэхээр ажилладаг. Ингэхийн тулд хоёр дахь жилдээ маш олон тэмцээн уралдаанд оролцож, олон удаагийн цугларалт хийж байж энэ зорилгод хүрдэг. Гурав дахь жилийн цугларалтаар олимпод өрсөлдөх найдвартай тамирчдыг сонгон шалгаруулж үндсэн багийг урьдчилсан хэлбэрээр бүрдүүлдэг. Энэ тамирчдынхаа өндөр зэрэглэлийн тамирчидтай өрсөлдөх чадварыг сайжруулах нь гурав дахь жилийн гол зорилго. Дөрөв дэх жил яг олимпод оролцох тамирчдын сонгон шалгаруулалтыг хийгээд, дээрээс нь гадаад дотоод өрсөлдөгчийн судалгааг маш нарийн гаргаж, өндөр зэрэглэлийн ур чадварыг эзэмшүүлдэг. Гэтэл манай Чөлөөт бөхийн холбоо, Шигшээ баг дөрвөн жилийн цикл дунд бэлддэг энэ төлөвлөгөөг хоёрхон жилд багтаах шаардлагатай тулгарсан. Шигшээ багийн багш дасгалжуулагч нарыг бүрдүүлсний дараа маш богино хугацаанд дэлхийн аваргад бэлдэх шаардлагатай болсон. 2022 оны дэлхийн аваргад боломжийн сайн оролцсон. За ингээд л үүнээс хойш бол бүх зүйл орвонгоороо эргэсэн дээ.
ГАДААД ЦУГЛАРАЛТГҮЙ, 600 ЦАГИЙН БАГТААМЖТАЙГААР ОЛИМПЫН ЖИЛТЭЙ ЗОЛГОСОН
-Тодруулж болох уу?
-2022 оны дэлхийн аваргаас хойш ямар ч цугларалт хийгээгүй. “Чампион” дээр биеийн ерөнхий хөгжлийн арав хоногийн бэлтгэл, “Найрамдал” дээр дараа нь спортын ур чадвар дээшлүүлэх цугаларалтыг бас арав хоног л хийсэн. Ингээд нийт 20 хоногийн цугларалт хийгээд л Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй тулсан. 2023 оны Азийн аваргын үед гадаад цугларалт ганцыг хийсэн.
-Гадаад цугларалт тэдэн удаа хийнэ гэсэн стандарт байдаг уу?
-Багадаа л 6-8 удаа гадаадын тэмцээн уралдаанд оролцох ёстой. Дээрээс нь 8-10 гадаад, дотоодын цугларалт хийсэн байх ёстой байдаг. Шигшээ багийн жилийн цагийн багтаамж гэж байдаг юм. Тэр дагуу бол 1200-1600 хүртэл цагийн багтаамжтай сургалтын программтайгаар аливаа дэлхийн аваргад оролцох ёстой байдаг.
-Энэ цагийн багтаамждаа хүрч байсан уу?
-Хүрээгүй шүү дээ, 600 цаг хүрэхтэй үгүйтэй л байсан. Цугларалт гээд ярихаар зарим хүн ойлгохгүй байж мэднэ. Яадаг вэ гэхээр өдрийн гурав дөрвөн бэлтгэл хийж, бүтэн 24 цагийн турш хамт байцгаадаг. Ингэж байж цагийн багтаамжаа бүрдүүлдэг. Гэтэл энэ цагийн багтаамжаа авч чадахгүй, цугларалтаа хийж чадахгүй байсаар 2023 оныг дуусгасан. Би их олон жил Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Сүүлийн үед их олон зүйлийг ойлгохоо больсон. Ер нь улсын шигшээ багийн сонгон шалгаруулалтыг яах гэж явуулсан юм бол гэж ч эргэлздэг болсон. Улсын шигшээ багийн дасгалжуулагч гэж томилогдоод, эх орныхоо төлөө тэмцээн уралдаанд хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гээд бид чинь тангараг өргөдөг юм шүү дээ. Гэтэл өнөөдөр шигшээ багийн бүрэлдэхүүн хөл толгойгүй замбараагүй болсон.
ТОП ТАМИРЧИН БҮРИЙГ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГА ЦАЛИНЖУУЛДАГ “МОДА” ДЭЛГЭРСЭН
-Тодорхой тайлбарлахгүй бол...
-Сонгон шалгаруулалтад оролцоод тэнцсэн гэж үзэн тангараг өргүүлж байсан багш дасгалжуулагч нар нь өнөөдөр байж л байна. Гэтэл тамирчнаа дагаад баахан багш, дасгалжуулагч нар нэмэгдээд ороод ирдэг. Хэн нь албан ёсны шигшээ багийн дасгалжуулагч юм мэдэгдэхээ байтлаа хөл толгойгоо алдсан. Яахав энэ бас шинэ, гэнэт гараад ирсэн зүйл бол биш. Яадаг вэ гэхээр нэг сайн тамирчин гараадл ирэхээр аль нэг хүчний байгууллага нэр дээрээ аваад цалинжуулдаг. “Алдар” ч юм уу, “Хилчин” ч юм уу аваад өөрсдийн нэр дээр барилдуулдаг. Дандаа шигшээ багийн мундаг тамирчдыг ингэж нэр дээрээ авдаг. Топ тамирчин гараад ирэхээр л аль нэг хүчний байгууллага нэр дээрээ аваад цалинжуулдаг, цол өгдөг “мода” ер нь дэлгэрчихсэн л дээ. Ихэнх том тамирчдыг цалинжуулдаад формжуулаад манай ажилтан гээд явдаг. Ганц чөлөөт бөхийн төрөлд ч биш, бүх спортын төрлөөр ийм байгаа. За ингээд яадаг вэ гэхээр тэр Топ тамирчид маань улсын аварга шалгаруулах тэмцээнд цалинжуулдаг багийнхаа нэрээр барилддаг, мэдээж медаль хүртдэг, аварга болдог. Улсын аваргад жил болгон багаараа түрүүлдэг. Түрүүлэхээс яах юм. Монгол Улсад байгаа аль өнгөтэй өөдтэй бүгдийг нь авчихаж байгаа юм чинь. Гэтэл Чөлөөт бөхийн холбооны дүрэмд улсын аваргад түрүүлсэн багийн дамсгалжуулагч нь Монголын 1 номерын дасгалжуулагч байна аа, шигшээ багт автоматаар орно гэдэг заалттай. Олон жил уламжилсан зүйл л дээ. Ингээд ороод ирдэг. Гэтэл шигшээ багийг бүрдүүлэхэд олон жилийн хүч хөдөлмөрөө зараад чимээгүй явж байгаа багш дасгалжуулагч нар үүний цаана байж л байдаг. Чимээгүй л байдаг. Өөрөө хөдөлмөрлөж хөдөлмөрлөж гаргаж ирчихээд, хөөрхий миний хүүхэд цалинтай болж байвал “Алдар” нь аваасай, “Хилчин” нь аваасай, “Хангарьд” нь авчихаасай гээд л чимээгүй ард нь үлдэж байдаг. Өөрийгөө золиосолсон ийм багш маш олон бий. Хөшигний ард үлддэг ийм багш нарынхаа өмнөөс би харамсдаг. Олон жилийн уламжилж ирсэн энийг одоо орхиё гэтэл 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр бас нэг Төрийн бус байгууллага гараад ирсэн. Дасгалжуулагч нь ороод ирсэн.
-Төрийн бус байгууллага нь ямар нэртэй билээ?
-“Парис-2024”.
-Яагаад тэгвэл Төрийн бус байгууллагын дасгалжуулагч шигшээ баг руу орсон юм бэ?
-Яахав, манай шигшээ багийн тамирчид тэр Төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй л гэсэн. Тулга, Бат-Эрдэнэ нарын тамирчин “Парис-2024” Төрийн бус байгууллагын гишүүнчлэлтэй болж таарсан. Ингээд энэ Төрийн бус байгууллагын дасгалжуулагч Б.Баттулга шигшээ баг руу орж ирсэн. Төрийн бус байгууллагынхаа гишүүн тамирчдын бэлтгэл сургуулилт дээр анхаарна гээд шигшээ багийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. 2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд л оролцсон. Энэ тэмцээнээр юу болсныг чөлөөт бөх сонирхогчид бол сайн санаж байгаа байх. Т.Тулгын барилдааны үеэр триконоос татсан гэсэн асуудал гарч ирсэн. Дасгалжуулагч челленж авсан ч шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. Дасгалжуулагчийн челленж авах шийдвэр буруу байсан. Тэр шийдвэрийн горыг хэн үүрсэн гээч. Шигшээ багийн албан ёсны дасгалжуулагч бид л үүрсэн. Дэлхийн аваргын дараа Красноярскийн олон улсын тэмцээнд оролцож байхад Монголд Чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл хуралдаад Дэлхийн аваргын тэмцээнд муу оролцсон гээд хариуцлагын асуудал ярьсан байдаг юм. Хүний нутагт, баг тамирчдаа бэлдээд явж байхад дэлхийн аваргад муу оролцсон гээд Баяраа багш аа таныг ажлаас халж байна, Батзориг багш аа таныг ажлаас халж байна гээд мэдээ ирж байгаа юм. Яагаад халж байгаа юм гэхээр Дэлхийн аваргад муу оролцсон гэж байгаа юм. Тэгэхээр нь би бодож байгаа юм, ямар гээчийн тогтолцоотой болчихов доо манай чөлөөт бөхийн холбоо. Бидний бэлдсэн тамирчин ядраад, хялайгаад, мэх техник дутаад ялагдвал дасгалжуулагч бид хариуцлага хүлээхэд бэлэн. Хүлээх ч ёстой. Гэтэл дэвжээн дээр авч гарсан дасгалжуулагчийн буруу шийдвэрээр, буруу челленж авч эсрэг тамирчнаа амраагаад ялагдаж байхад бид яагаад хариуцлага хүлээдэг билээ?
-Дэлхийн аваргын тэмцээнд Т.Тулгыг ямар дасгалжуулагч авч гарсан юм, тэр челленжийг хэн авсан юм бэ?
-“Арслан”-гийн Б.Баттулга. Нөгөө “Парис 2024” Төрийн бус байгууллагын Б.Баттулга багш дасгалжуулагчийн буланд сууж байсан. Челленж авах шийдвэрийг тэр хүн гаргасан. Гэтэл тэр хүн ямар ч хариуцлага хүлээхгүйгээр Парисын олимп руу явж, Батзориг бид хоёр ажлаас халагдана гэж байж болохгүй биз дээ. Ингээд Монголдоо ирээд холбооны ерөнхийлөгчтэйгөө уулзсан. Я.Содбаатар дарга ч үнэн мөнийг ялгаж байна лээ. Биднийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон.
АЛБАН ЁСНЫ ДАСГАЛЖУУЛАГЧИД ОЛДООГҮЙ МАНДАТ “АРСЛАН” КЛУБЫН Б.БАТТУЛГАД ОЧСОН
-Энэ дэлхийн аваргаас хойш бэлтгэл эрчимжиж чадсан уу?
-2024 он хүртэл нэг ч цугларалт байгаагүй. Бид гайхаж л байгаа юм, олимпын жил гарч байхад нэг ч цугларалт байхгүй. Ингээд явсаар байгаад улсын аваргаа зохион байгуулсан. Эрхийн тэмцээнд оролцох тамирчнаа эндээс шалгаруулж авсан. Эрх биш олимпийн жил гарч байгаа учраас тодорхой хэмжээний санхүүжилт орж ирсэн юм байгаа биз Азийн аварга, Азийн эрхийн тэмцээнд бэлдэх маш хариуцлагатай мөчүүд ирсэн. Энэ хоёр тэмцээн ердөө долоохон хоногийн зайтай болох байсан. Дөрвөн жилийн программ төлөвлөлтөөсөө хоцорчихсон ийм үед багтаамжаа нөхөх гээд маш шаргуу ажилласан.
Шигшээ багийн дасгалжуулагч нар бол хичээсээн. Дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчидтай өрсөлдөж, Туркийн олон улсын тэмцээнээс мөнгөн цом авсан. Цагийн багтаамжаа нөхөх, тэмцээний тоогоо гүйцээх гэж маш их зүтгэж байж олимпын гурван эрх авсан. Я.Содбаатар ерөнхийлөгч, холбооны дэд ерөнхийлөгч Гансүх, Батсайхан нарын хичээл зүтгэл ч үүнд бий. Үүнийг хэлэхгүй байж болохгүй.
Ингээд явж байтал Шигшээ багийн бүрэлдэхүүнд дахиад л өөрчлөлт оруулсан. Олимпын жилд, олимп болохоос хэдхэн сарын өмнө ахлах дасгалжуулагчаар гавьяат тамирчин Ням-Очирыг томилсон. Энхбаяр гээд дасгалжуулагч бас орж ирсэн. Хичээж зүтгээд гурван эрхээ аваад, цагаа нөхөөд явсны дараа Говь-Алтай руу өндрийн бэлтгэлд гарахаар болсон. Уг нь энэ өндрийн бэлтгэлийг авахын тулд маш нарийн зохион байгуулалтад орж, аажмаар дасгаж, зүрх судасны системийг маш сайн бэлдэж байж авдаг. 2300 метрийн өндөрт очихын тулд шууд оччихдоггүй. Ачаалал авах гэж очиж байгаа шүү дээ, зүгээр амьдрах гэж байгаа биш. Тийм учраас маш нарийн төлөвлөгөөний дагуу энэ бүхнийг хийдэг. Хүчилтөрөгчгүй нөхцөлд ажиллах чадварыг сайжруулахаар явж байна гэсэн үг шүү дээ. Ийм өндөрт бүх эрхтэн системүүд хямарч байдаг. 2300 руу дасан зохицохын тулд ямар цаг хугацаанд ямар замаар хүрэх ёстой юм гэдэг төлөвлөлттэй байх ёстой. Гэтэл эрхийн тэмцээн дууслаа, шууд л Говь-Алтай руу оч гэж байгаа юм. Үүн дээр бол шийдвэр гаргасан хүн нь хариуцлага хүлээх ёстой. Тэнд очоод тамирчдын хамраас цус гарах, зүрх дэлсэх, нойргүйдэх шинжүүд илэрч эхэлсэн. 2300 метрийн өндөр гэдэг бол хүчилтөрөгчийн сийрэгжилттэй тийм нөхцөл байдал. Бид бол 1300 өндөрт л ажиллаж амьдарч байгаа. Азийн эрхийн тэмцээн, Азийн аваргын тэмцээн долоохон хоногийн зайтай болоод дуусчихсан байсан тэр үе. Тэмцээний дараа тамирчид нөхөн сэргэх тийм үе байсан. Энэ үе шатанд тамирчид нөхөн сэргээлт авах ёстой байдаг. Үүний дараа дор хаяхад ачааллын өгсөх графикаар буюу хүчилтөрөгчгүй нөхцөлд тодорхой хэмжээнд дасан зохицох тийм бэлтгэлүүдийг эрчимжүүлж хийх ёстой байдаг. Энэ бүхнийг хянаад зүрх судасны доголдол байна уу, яаж анхаарах вэ гэж гаргадаг.
Энэ бүхнийг бүрэн тооцсоны дараа Говь-Алтайн бэлтгэлд гарах ёстой байсан ч эрхийн тэмцээний дараа шууд явсан. Шөнө нойргүйдэх, хоолонд дургү болох, хамраас цус гарах ийм сөрөг шинж тэмдгүүд тамирчдад илэрч байсан. Ингэж болохгүй ээ гэдгийг өмнө нь ч сануулж байсан, бэлтгэлийн үеэр хэлж л байсан. Хүний амь насанд эрсдэл гарвал шигшээ багийн дасгалжуулагч л дээлээ нөмөрнө шүү дээ. Олимпод ч ялгаа байхгүй муу оролцлоо гэхэд тангараг өргөсөн дасгалжуулагч Баяраа, Батзориг, Ням-Очир нар л хариуцлага хүлээнэ. Тэрнээс биш “Парис 2024” төрийн бус байгууллагын Б.Баттулга хариуцлага үүрэхгүй шүү дээ.
-Гэхдээ Парисын олимпын дэвжээнд тамирчдыг “Парис 2024” Төрийн бус байгууллагын тэргүүн Б.Баттулга авч гарч байсан биз дээ? Яагаад тангараг өргөсөн шигшээ багийн дасгалжуулагчид мандатгүй байхад Төрийн бус байгууллагын дасгалжуулагч дэвжээн дээр тамирчин авч гарах эрхтэй байсан юм бэ. Энэ бол Чөлөөт бөхийн холбооны л менежментийн асуудал биз дээ.
-Үүн дээр бол Чөлөөт бөхийн холбоо, ерөнхий нарийн бичгийн дарга хариулт өгөх байх. Чөлөөт бөхийн холбооны өөрсдийн менежмент, зохион байгуулалтын л асуудал шүү дээ. Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд л Төрийн бус байгууллагын дасгалжуулагчид итгэл хүлээлгэсэн, томилсон. Дэвжээн дээр хэн ямар тамирчнаа авч гарахыг тэд л шийдсэн.
-“Арслан” клубын Б.Баттулга дасгалжуулагч уг нь албан ёсоор шигшээ багийн ажлаа өгөөд явсан хүн билүү?
-Монгол даяараа л мэдэж байгаа даа. 2020 оны дараа би ажлаа өглөө, шигшээ баг баяртай гээд явсан хүн. Гэвч үнэндээ шигшээ багаас яваагүй, албан бусаар ажиллаад л байсан. Олимпын өмнө хийгдсэн олон томилгоон дунд Төрийн бус байгууллагын нэрээр ороод л ирсэн.
Шигшээ багийн дасгалжуулагч бид мандатын квотын зай завсар хараад сууж байсан. Харин бидэнд олдоогүй тэр мандат “Арслан” клубын Б.Баттулгад л олдсон. Ер нь аливаа зүйлд үйлийн үр гэж байдаг. Бүлгэрхэж, клубэрхэж, нэгнээ буланд шахахаас илүү өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой юм.
Татвар төлөгчдийн мөнгөөр туйлж болохгүй ээ, түүнийг зориулалтынх нь дагуу зарцуулаад олимпын амжилтын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой.
ТӨЛӨВЛӨЛТИЙН ДАГУУ ОЛИМПОД ОРОЛЦООД АМЖИЛТ ГАРГААГҮЙСЭН БОЛ АЖЛАА ӨГӨХӨД БЭЛЭН
-Манай улс Парисын олимпоос жүдо бөхийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн. Гэсэн ч “Олимпын аварга төрүүлэх зорилгодоо хүрч чадсангүй” гээд ахлах дасгалжуулагч Халиуны Болдбаатар багш ажлаа өгөхөө мэдэгдсэн. Чөлөөт бөхийн холбоо, чөлөөт бөхийн шигшээ баг ямар хариуцлага хүлээх бол?
-Эв нэгдэлтэй, нэг нэгнээ хүлээн зөвшөөрсөн ийм хамт олон ийм байдаг юм байна. Тэд мөнгөн медаль хүртсэн ч аварга төрүүлэх зорилготой байлаа, түүндээ хүрсэнгүй ээ гээд хариуцлага хүлээнэ гэдгээ ахлах дасгалжлуулагч нь хэлчихлээ. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч багаа гардан удирдаад ажилласан хүн ийм шийдвэр гаргаж байгааг ойлгож байна. Өөрсдийн төлөвлөгөөний дагуу, өөрсдийн хийх зүйлээ хийгээд зорилгодоо хүрсэнгүй ээ гэхийг бол ойлгож байна. Гэтэл манай шигшээ баг дээр энэ бүхэн тэс ондоо.
Чөлөөтийн шигшээгийн багш, дасгалжуулагчид бол тэс өөр нөхцөлд ажилласан. Миний сэтгэлийн мухарт байгаа, тэр тороол байгаа зүйл шигшээгийн бусад дасгалжуулагч Батзориг, Энхбаяр, Ням-Очир нарт ч байгаа л болов уу гэж би бодож байна. Үнэндээ бидний хэн маань ч шигшээ багийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу ажиллаж чадаагүй. Тэр баталсан төлөвлөгөөнийхөө дагуу бүхнээ хийсэн бол олимпоор арай өөр дүр зураг гарах байсан гэдэгт би итгэлтэй байгаа.
Бидний хамтдаа баталсан төлөвлөгөөний дагуу бол хяналтын барилдааныг жишээ нь долдугаар сарын 9, 16, 19, 23-нд хийх байсан. Энэ бол 2022 онд ажил авснаас хойш бэлтгэлийн эрчим багтаамж, ерөнхий хөгжил, тэмцээнд оролцсон байдал, техник тактикийн бэлтгэлжилт тэр тамирчныхаа ачаалал хүлээж авах онцлог зэргийг бүгдийг нь харгалзан үзээд тооцож байжгаргасан нэгдсэн төлөвлөгөө. Энэ бол бидний хууль байх ёстой юм. Хяналтын барилдааныг гэхэд өгсөх графикаар гаргасан. Хяналтын барилдааныг долдугаар сарын 9-нд өглөө нэг орой нэг, 16-нд өглөө нэг, орой хоёр өгье, 19-нд өглөө гурав, орой нэг өгье, 23-нд яг олимпоор ямар ачаалал авах ёстой юм тэрүүгээр өгье, таван тойргоор ч юм уу өгөөд нөхөн сэргэлтэд давж потенциалтай болгоно гэж тооцсон байсан. Шигшээ багийн багш нар маань бол энэ төлөвлөгөөг дагахыг эрмэлзсэн, хичээсэн. Гэтэл зарим багш, дасгалжуулагч үүнийг үл ойшоон дураараа өөрчилсөн. Лхагвагэрэлийн барилдаан дээр үүний үр дагавар харагддаг юм. Лхагвагэрэл олимпын эхний тойрогтоо дор хаяж олимпын хүрэлтэй гэж яригдаж байсан Америкийн бөхийг 10:5-ын харьцаатайгаар хожсон.
Харамсалтай нь нөхөн сэргээлт авч чадаагүй. Дараагийн тойргийн барилдаан дээр Лхагвагэрэл багш аа би нэг л сулраад байна гэж өөрөө хэлж байсан. Яг төлөвлөгөөний дагуу яваагүй учир ийм юм болж байгаа юм л даа. Олимп бол шинжлэх ухаан, дүрэм журам байдаг. Энэ зөрчигдсөнөөс болж хоёрдугаар тойрогт сулраад явчихсан. Азарбейжантай барилдахад нь би хэлж байсан. Наадах чинь хүнийг дагуулж өндийлгөөд хөл авдаг, босоо хөл авдаг, давхар, дан хамдаг тамирчин шүү. Дагаж өндийж хэрхэвч болохгүй гэж хэлсэн. Барилдааны туршид би тэр алсаас туслах дасгалжуулагчийн суудлаас ганц л зүйл орилсон. Доошоо, доошоо, доошоо гэж. Холоос сонсогдохгүй.
Яг хажууд нь бол Б.Баттулга багш байсан. Би саяын олимп хүртэл бүх зүйлийг хүлээн зөвшөөрөөд орсон. Чөлөөт бөхийн холбооноос гаргаж байгаа шийдвэр, тэр олон хууль бус томилгоо бүгдийг нь дуугүй л дагаад явсан. Одоо бол хэлнэ. Ялагдлынхаа шалтгыг өөрсдөөсөө хайх хэрэгтэй.
Жүдогийн жишгийг манай холбоо дагах ёстой. Эрх мэдэлтэй хариуцлага үүрэх хүмүүүс нь хариуцлага үүр. Бидний баталсан төлөвлөлтийг дагаад олимпод хожигдсон бол би, албан ёсны дасгалжуулагчид бид Халиуны Болдбаатар багш шиг уучлаарай гээд л явна. Гэтэл энэ төлөвлөлтийг дагасангүй, олимпод ажилласан шигшээ багийн багш нар бүгд л сэтгэл дундуур байлаа. Үнэхээр энэ төлөвлөгөөг биелүүлээгүй, өөрсдийн шалтаг шалтгаан гаргаж өөрчилсөн хүмүүүс хариуцлагаа хүлээг. Энэ нөхцөл байдлыг үүсгэсэн, гардан удирдсан хүмүүс өөрсдөө жүдогийн жишгээр ажлаа өгнө гэдэгт итгэж байна.
-Олимпын хотхонд байрлаж байсан Чөлөөт бөхийн багш дасгалжуулагч нар архи уусан, мөрийтэй тоглосон гэсэн мэдээлэл нийгмийн сүлжээгээр гарсан байна лээ. Энэ үнэн үү. Та яг дотор нь байсан хүний хувьд үнэнийг хэлээч?
-Мөрийтэй тоглоом бол хар мөртэй, аливаа хүний хийморь сүлдийг унагааж байдаг гэж ихэд цээрлэдэг, би лав. Энэ нөхцөл байдалд дассан, дадсан хүмүүс өөрсдөдөө дүгнэлт хийх ёстой байх.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.Бямбасүрэн
Сэтгэгдэл (20)