Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сард 2025 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн билээ. Тус төслийн танилцуулгад малчдыг дэмжих чиглэлд ямар, ямар төсөлд хэдэн төгрөгийн төсөв суулгасан талаарх мэдээллийг хүргэе. Тухайлбал, өнгөрсөн өвөл Монгол орны нийт нутгийн 80 хувийг хамарсан зуд болж, байгалийн энэ давагдашгүй хүчин зүйлийн улмаас 2023-2024 оны өвөл 8.1 сая толгой мал хорогдсон билээ. Энэхүү зудын улмаас 400 гаруй өрх малгүй болж, 4000 мянган өрх нийт малынхаа 70-аас дээш хувийг алдсан харамсалтай мэдээгээр хаврыг үдсэн.
Ийнхүү уншигч та бүхэнд 2025 оны төсвийн төсөлд малчдыг дэмжих чиглэлд хэдэн төгрөгийн төсөв суулгасан талаарх мэдээллийг танилцуулж байна. Тус хуулийн төслийг аравдугаар сарын 1-нд эхлэх намрын чуулганаар хэлэлцэн батлана.
УИХ-д өргөн мэдүүлсэн 2025 төсвийн төсөлд малчдыг дэмжих чиглэлд “Шинэ хоршоо Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд 500.0 тэрбум төгрөгийн шинэ зээл олгохоор байгаа тул ирэх оны зээлийн хүүгийн дэмжлэгт 143.4 тэрбум төгрөг тусгажээ. Мөн аж ахуйн нэгжийг урамшуулах, жижиг бизнес, аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг шаардлагатай байгаа иргэнд санхүүгийн дэмжлэг олгох зэрэг үйл ажиллагаанд нийт 44.1 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүнээс гадна тэтгэврийг жил бүр инфляцаар индексжүүлэх, малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс хариуцахаар тусгасан ба төр хариуцах зардлыг 2025 оны төсөвт тусгажээ. Эдгээрийг нарийчлан үзвэл,
- Монгол Улсын Их Хурлын 166 дугаар тогтоолоор баталсан “Шинэ хоршоо Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд 2024 онд нэг их наяд төгрөг, 2025 онд 500.0 тэрбум төгрөгийн шинэ зээл олгохоор байгаа тул ирэх оны зээлийн хүүгийн дэмжлэгт 143.4 тэрбум төгрөг тусгасан. Мөн шинээр олгох зээлд батлан даалт олгохтой холбогдуулан Зээлийн батлан даалтын сангийн хөрөнгийг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгалаа.
- УИХ-аас 2023 онд Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн баталсан. Эдгээр хуульд тэтгэврийг жил бүр инфляцаар индексжүүлэх, малчдын тэтгэврийн даатгалын шимтгэлийн 50 хувийг улсын төсвөөс хариуцахаар тусгасан ба төр хариуцах зардлыг 2025 оны төсөвт тусгажээ.
- Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, малгүй болон цөөн малтай малчин өрхийг малжуулах, ажил олоход хүндрэлтэй иргэнийг тогтвортой ажлын байраар хангасан аж ахуйн нэгжийг урамшуулах, жижиг бизнес, аж ахуй эрхлэхэд нь дэмжлэг шаардлагатай байгаа иргэнд санхүүгийн дэмжлэг олгох зэрэг үйл ажиллагаанд нийт 44.1 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Сэтгэгдэл (1)