Өнөөдөр 36 дахь удаагийн "Номын баяр" Сүбхаатарын талбайд эхэлж буй. Гурван өдөр үргэлжлэх уг баярыг тохиолдуулан бид танд ном уншихын ач тусыг танилцуулж байна.
1. Уншдаг хүмүүс л урт насалдаг
Хүний тархийг булчин шөрмөстэй адилхан дасгалжуулах ёстой. Байнгын ном уншдаг хүмүүсийн тархины холбоосууд идэвхтэй, харин уншдаггүй бол тархины холбоосууд нь идэвхгүй унтаа байдалд ордог. Тархинаас ухаан, булчин шөрмөс, хоол боловсруулах зэрэг хүний биеийн бүх эрхтний системтэй холбоотой дохио санамжуудыг байнга түгээж байдаг бөгөөд энэ нь удаашраад эхлэхээр бие махбодын үйл ажиллагаа суларч, хөгширдөг. Хүн оюунаараа амьтнаас ялгаатай, үүнийхээ үр дүнгээр ч тэднээс илүү урт насалдаг аж. Мэдлэг боловсрол хөгжөөгүй байгалийн амьдралтай эрт дээр үед хүмүүс асар богино насалдаг байж. Харин өнөөдөр өндөр хөгжилтэй орны хүмүүс жар дал хүрч тэтгэвэрт гардаг ч ухаан санааны хөгшрөл, доройтолд орохгүйн тулд эмчид үзүүлэхээр яваад байдаггүй, уншсан номынхоо тухай харилцан ярилцаж маргах сайн дурын бүлгэм дугуйланд хамрагдах болсон байна.
2. Хамгийн сайн стресс тайлагч
Өнөөгийн завгүй амьдралын хэв маяг хүмүүсийг хүссэн хүсээгүй, байнгын стресст оруулдаг болжээ. Харин стрессээс гарахад сонирхолтой сайн ном тус болдог. Ном уншсанаар хүн сэтгэлийн дарамтаасаа хөндийрч холдох боломжтой. Уншиж буй номондоо орж, өнгөрсөн баларсныг мартаж, номонд сэтгэлээ эзэмдүүлж, шинэ сэргэг бодлууд мэдрэлд нөлөөлдөг. Ном уншсанаар сэтгэл зовоосон зүйлс нэг мэдэхэд ямар ч ач холбогдолгүй болох, амьдралаа шинэ гэрэлд харах, өөрт шинэ хүч мэдрэгдэх үе ч тохиолддог. Өдөр тутмын амьдралаас үүдсэн есөн шидийн асуудал дунд залхаж, элдэв асуудлаас болж хүн төөрөлддөг. Тиймээс өөрийн гэсэн үзэл бодолтой болж, орчин тойрныхоо нөлөөнд автсан байдлаасаа салж өөрийгөө жолоодон явахад ном танд тус болно.
3. Миний үгийн сан миний хязгаар
Аль ч хэлний үндэс 60 мянган үгээс хэтэрдэггүй. Харин түүнээс ердөө л 5000 үг хүмүүсийн харилцаанд хэрэглэгддэг гэвэл цаана нь 55 мянган үг идэвхгүй хэрэглээнд байдаг гэсэн үг. Гэхдээ ном уншихын хэрээр тэдгээр үг идэвхжин сэргэж, санаа бодол арвижиж, хүн илүү нарийн ширийн үгээр ярих чадвартай болдог. Баялаг үгийн сантай байна гэдэг хүнд уран төсөөлөл, сэтгэмж төрүүлэх бололцоо өргөнтэй байна гэсэн үг юм. Гадаад хэл сурахад ч үгийн сан маш нөлөөтэй гэдгийг санах хэрэгтэй.
4. Уншиж байж бичнэ
Калифорны их сургуулийнхан роман унших нь хүмүүсийн хэлний мэдрэмж, бичих арга барилд сайн нөлөөтэйг судлан тогтоожээ. Уншигч зохиолд юу бичигдсэнийг уншихын зэрэгцээ зохиолчийн бичлэгээр дамжиж уншигчийн сэтгэл хөдлөл, мэдрэмжүүд сэргэдэг. Зохиол бүр хүнд хөнгөн янз бүрийн аясаар бичигдсэн байдаг. Адармаатай текст унших тусам нөлөөлөл нь гүнзгий. Тиймээс ч Жорж Луйс Борхес, Роберт Боланьо зэрэг алдартай зохиолчид залуу эхлэн бичигчдэд аль болох их уншихыг зөвлөдөг.
5. Ном нойр хүргэдэг
Хөгшин залуу гэлтгүй олон хүн нойрны асуудалтай болсон байдаг. Өдрийн болсон үйл явдал шөнийн асуудал болон хувирч нойр хулжаах нь хэцүү, түүнээс салах гэдэг тийм ч амар бус. Нойр хулжихад номоос сайхан эм байдаггүй. Өдөр ч, орой ч ном бариад хэвтэхэд номонд анхаарал төвлөрч, нойрыг тань хүргэдэг болно. Үүнийг байнга давтсанаар аажимдаа унтах дохио болсон нэгэн хэвшил тогтож болох юм. Мөн унтаж байгаад сэрсэн ч номоо дахин уншиж байгаад дахиад нам унтдаг хүмүүс ч байдаг. Энэ хэвшил нойр хүрэхгүй, сэтгэл сэрвэлзэх үед тун тустай.
6. Бусдыг ойлгох түлхүүр нь унших
New School for Social Research in New York сургуулиас гаргасан судалгааны тайланд “Унших нь хүмүүсийн харилцан итгэлцлийг төрүүлдэг” гэжээ. Зохиол бүтээл уншиж байхдаа хүн байнга өөрийгөө хамт оролцуулан бодож байдаг. Өөрөөр хэлбэл, бусдын тухай уншихдаа тэр бүр өөрийнхөө анзаардаггүй зүйлүүдийг бусдаас олж хараад хүн өөрийгөө засаж залруулахыг хичээх, бусдын дунд өөрийгөө аятайхан аваад явах арга барилд суралцдаг гэж хэлж болох юм. Ингэснээр урд өмнөхөөс илүү олон найз нөхөд, үе тэнгийнхэнтэйгээ харьцах сонирхолтой болж, тэдний бодол санааг анхааралтай сонсож, үерхэл нөхөрлөл гүнзгийрэхэд ч нөлөөлнө.
7. Ном таныг өөрчилнө
Хүн өөрчлөгдөхөд тийм ч амар биш, ихээхэн хугацаа шаардлагатай. Цаг хагас үргэлжлэх кино хүнийг өөрчилж чадахгүй. Хүн унших явцдаа аливааг бодож эргэцүүлэхээс гадна, уншсан хэсгээ эргэж харах, бусадтай санаа бодлоо солилцох, өөрөөр хэлбэл номтой нөхөрлөснөөр илүү нухацтай үйл явц явагддаг. Хүн киноны баатруудыг дуурайдаг бол харин номын баатруудын төсөөлөн боддог. Алдарт зохиолч Гарсиа Маркес “Зуун жилийн ганцаардал” зохиолоо хэзээ ч кино болгохгүй гэж татгалзжээ. Тэр энэ зохиолоо кино болгож, ямар нэгэн тодорхой дүрээр амьдруулахаас зайлсхийсэн байна. Сайн зохиол хүмүүсийг бодуулдаг, бодол явагдаж байж хүн өөрчлөгднө.
8. Уншвал урагшилна
Ном уншигч өөрийн орчноос тасарч, өөр ертөнц рүү өнгийн шагайдаг гэж хэлж болно. Гадны жуулчид хаа ч явсан гартаа үргэлж ном барьж явдгийг бид сайн мэднэ. Тэд тааралдсанаа үзэж, тааралдсанаа идэж уугаад явдаггүй. Тэд номоос тухайн газар орны үүх түүх, ахуй амьдралын тухай хамгийн шинэ мэдээ, мэдлэгийг олж, үзэж харснаа ул үндэстэй ойлгохыг хичээдэг байна. Тодруулбал, манайд ирсэн жуулчид биднийг зөвхөн сонирхох төдий бус биднийг сайтар ойлгож аваад буцдаг гэсэн үг. Тэд үзэж харж буйгаа номтой зэрэгцүүлэн, хуучин ойлголтоо шинэчилж цэгцэлдэг. Бидэнд өдөр тутмын амьдралдаа тааралдсанаа хэрэглэх бус учир начрыг нь сайтар ойлгох, нэг ёсондоо боловсон амьдралд суралцах шаардлага тавигдсаар байна. Үүнд суралцахад унших хамгийн зөв зүйтэй алхам байх болно.
9. Төвлөрөн унших нь ойлгохын үндэс
Орчин үед бид хаанаас л бол хаанаас мэдээлэл олоод авчих бүрэн боломжтой болов. Ийм байхад роман, тууж уншаад сууж байх нь хэр тохиромжтой вэ? гэж асуух хүмүүс байдаг. Компьютерийн товч дараад л олдох мэдээлэл харамсалтай нь маш өнгөц, тэдгээр нь ихэнхдээ хүмүүсийг саатуулах, цаанаа аль нэг бараа бүтээгдэхүүнд анхаарал татах гэсэн зорилготой. Хүний ойлголт өнгөц бус, гүнзгийрсэн түвшинд л явагддаг. Боловсрол мэдлэгтэй болъё гэвэл адармаатай ном зохиолуудтай удтал зууралдаж, нухацтай уншиж байж түүнд хүрнэ. Мэдлэг боловсрол эзэмшихэд маш их цаг хугацаа шаардагддаг нь үүнтэй холбоотой аж. Мэдлэг боловсролтой хүмүүс хий дэмий юманд цагаа үрдэггүй, үргэлж ажилтай, ажлаасаа ч хүч зориг авдаг, тиймээс цаг завандаа ч харам байдаг.
10. Уншиж буй хүн сэтгэл татам харагдана
Олон нийтийн асуулгаар уншиж буй хүн бусдаас содон, оюунлаг харагддаг гэжээ. Гартаа ном барьсан хүнийг харсан хүн бусдаас илүү хүндэлдэг. Ийм хүнтэй ярилцахыг дийлэнх нь хүсэж, сонирхол татсан харилцаа ч үүсгэдэг. Ном уншиж буй хүн өөрийн бодолтой, юмны наад цаадахыг ойлгох чадвар суусан, үнэхээр атаархам ихэмсэг харагддаг. Харин гар утсаараа оролдож яваа хүнийг харсан хэн ч болов тоохгүй өнгөрдөг цаг иржээ.
Эх сурвалж:Монсудар