Аль эртэд бүтсэн ч олны дунд, одоогийн залуусын сэтгэлд эгшиглэсээр байгаа дуу бол яах аргагүй "Хонин цагаан үүл" билээ. Хамтдаа энэ сайхан дууг сурцгаая.
Дууг амьлуулсан хүн:
Бадраагийн Бадрууган нь эцэг Монголын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хөвсгөл аймгийн Арбулаг сумын уугуул Жамцын Бадраа, эх хүний гавьяат эмч Х.Бадарч нарын ууган хүү болж 1952 онд төржээ. Тэрээр ЗХУ-ын Ленинград хотын Соёлын их сургулийг театр, киноны найруулагч мэргэжилээр 1979 онд төгссөн.
1979 оноос Өвөрхангай аймгийн Хөгжимт Драмын Театрт найруулагчаар томилогдон уран бүтээлээ эхлүүлсэн байдаг. Тэнд анх Оросын жүжгийн Их зохиолч Н.Островскийн “Хонь чоно” зохиолоор жүжиг найруулан тавьсан гэдэг.
Б.Бадрууган олон монголчуудад урлагийн сэтгэлгээний их өв үлдээжээ. Тэр театр, цирк, телевизэд ажиллахдаа маш их шинэчлэл хийж, шинэ туршлага нэвтрүүлсэнийг өдгөө мэргэжлийнхэн үнэлж байна.
Түүний 1996 оны 10-р сард буй болгосон Радио, телевизийн дээд сургууль өнөөдөр өргөжин тэлж хамгийн оновчтой, хэрэгцээтэй мэргэжилтэн бэлддэг томоохон институцуудын нэг болжээ. Тэр мөн “Инээмсэглэл” хамтлагт байхдаа жинхэнэ монгол өнгө аяс бүхий рок попыг үүсгэсэн уран бүтээлч юм. Цахилгаан бөмбөр, морин хуурын хослолоор биш харин аялгуу хэмнэлд нь монгол пентатоник аяс оруулж чадсан.
Тэрээр 1990 оноос шинэ Засгийн газрын Соёл урлагийн хорооны даргаар ажилласан. “Хайрын дурсамж”, “Хүлээсэн хавар”, “Улаанбаатарын үдэш”, “Хонин цагаан үүл”, “Уянхан хорвоон хань”, “Улаанбаатарын агаар”, “Сэрүүн цэцэгс”, “Зүүдэлснийг минь уучлаарай”, “Гэрлэж амжаагүй явна” гээд олон өнгө төрх, хөг хэмнэлтэй дуунуудыг тэрээр амилуулсан байна.
Түүний найруулсан дэлгэцийн уран бүтээлийн анхдагч нь Д.Намдаг зохиолчийн “Цаг төрийн үймээн” романаас сэдэвлэсэн "Төрийн сүлд минь өршөө" бөгөөд мөн "Ертөнцийн сүүлчийн чулуу" (1995), "Шинэ үсгийн багш"(1998), "Уулын хөх сүүдэр" МУСК (2000) зэрэг бүтээлүүд юм.
2012 онд түүний тухай "НЕПКО" компани С.Баярын зохиосон "Ууган" гэж ном хэвлэн гаргасан байна.
Хонин цагаан үүл нь ээ хө
Хувирч сэрээд нүүлээ дээ хө нүлээ дээ
Хонгор жаалхан чамтайгаа би ай хө
Ханилахын заяа ч дутлаа даа хө
Хонгор жаалхан чамтайгаа би ай хө
Ханилахын заяа ч дутлаа даа хө
Наадан тоглох нүд чинь ээ хө
Нүглийг ч мартмаар тормолзоно доо хө, тормолзоно
Найдан дассан сэтгэл минь ай хө
Насан туршдаа ганцаараа хө
Найдан дассан сэтгэл минь ай хө
Насан туршдаа ганцаараа хө
Цайдам хээрийн салхи нь ээ хө
Цагийг элээж урсана даа хө урсана
Цайлган томоогүй амраг минь ай хө
Цээжинд үүрд хоногшино оо хөө
Цайлган томоогүй амраг минь ай хө
Цээжинд үүрд хоногшино оо хө
Тосоод ирсэн тавилангаас нь хө
Тойрч гарахын аргагүй дээ хө аргагүй дээ
Торомгор жаалхан чамаасаа би ай хө
Тасраад одохын ч зориггүй дээ хө
Торомгор жаалхан амраг минь чамаасаа
Тасраад одохын ч аргагүй дээ хө...
Л.Баяр
Сэтгэгдэл (3)